Баянгол дүүргийн XV хороонд 32 ам метр, хоёр өрөө орон сууц түрээслүүлнэ гэсэн зарын дагуу өнгөрсөн даваа гарагт очив. Сарын түрээс нь 650 000 төгрөг, төлбөрийг гурван сараар, нэг сарын барьцаатай нийт 2.6 сая төгрөг авч оруулна гэлээ. Хагас тавилгатай буюу гал тогооны өрөөний шүүгээ, хөргөгч, угаалгын машинтай аж. Эзэн нь түрээслэх сонирхолтой хүмүүст 12.00-14.00 цагт байраа үзүүлнэ гэсэн учраас таван хүн очсон байв. Түрээслүүлэгчийн утас тасралтгүй дуугарч, байр лавлах нь эрэлт их байгааг илтгэнэ. Орон сууцаа танилцуулан, түрээсээ гурван сараар авч болно гэж байсан эзэнд зургаан сараар төлье хэмээн санал болгосон нэгнийг сонгон, ярилцаад үлдэв. 2.6 сая төгрөг төлөх боломжоо харгалзаад, таван хүнээс түрүүлж очсон ч талаар болов. Түрээсийн харилцааг зохицуулсан ямар нэгэн хууль, журам байхгүй учраас орон сууцын эздийн сонирхлоор асуудал шийдэгдэх нь гарцаагүй. Дээрх тохиолдолд ч гурван сарын төлбөр, нэг сарын барьцаа өгөхөөр цаг зав гаргаад очсон хүмүүс буцацгаасан.
Өнгөрсөн оны наймдугаар сараас нэг жилийн хугацаагаар Чингэлтэй дүүрэгт Баянбүрдийн ойролцоо хоёр өрөө байрыг 750 000 төгрөгөөр түрээслэн, нэг сарын барьцаа өгч суусан О.Ганчимэг “Хагас тавилгатай байранд зургаа, зургаан сараар төлбөрийг нь өгч амьдарсан. Хамгийн гол нь барьцаанд байршуулсан 700 000 төгрөгөө авъя гэхэд ийм ч юм гэмтээж, тийм ч юм халтартуулсан байна гээд өгсөнгүй. Манайх бага, дунд ангийн хүүхэдтэй. Ханын цаас бага зэрэг урагдан, хаалганы бариул суларч ганхсан байхыг үгүйсгэхгүй. Ямар ч айл байсан тэр зэргийн элэгдэл хорогдол үүснэ. Анхнаасаа өрөө бүрийн зургийг авч хадгалаагүй учраас харьцуулах арга байсангүй. Барьцаа хөрөнгө гэдэг нь ямар нэгэн шалтаг хэлээд нэг сарын төлбөр илүү авах арга юм байна” гэв.
Жил бүрийн наймдугаар сарын дунд үеэс аравдугаар сар хүртэл Улаанбаатарт орон сууц, хашаа байшин, нийтийн байр гээд хүн амьдарч болох бүхнийг түрээсэлж, түрээслүүлэх нь идэвхэждэг үе. Дээр дурдсанаар шаардлагыг нь бүрэн биелүүлээд яаран очиход илүү нөхцөл амласанд нь түрээслүүлчих, эсвэл барьцаанд өгсөн мөнгийг шалихгүй шалтаг хэлээд өгөхгүй байх тохиолдол цөөнгүй гардаг байх нь.
Цахим хуудсан дахь, ялангуяа нэг, хоёр өрөө байр түрээслүүлэх, төлбөрийг нь цөөн сараар авах зар тавьмагц утасдсан ч “түрээслүүлчихсэн” гэдэг үг сонссон нь олон. Үнийн хувьд дүүрэг, байршлаас хамаарч харилцан адилгүй байгаа юм. Тухайлбал, хотын төвд бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн 100 орчимд 1-2 өрөө байрны түрээс сард нэг сая орчим төгрөг аж. Төлбөрийг 6-12 сараар авч, нэг сарын барьцаа авна гэв. Ер нь X хорооллоос, XV хороолол хүртэлх хотын А зэрэглэлийн бүс гэж болох байршилд 1-2 өрөө байрыг сард 600 000-1 300 000 төгрөгөөр түрээслээд нэмж нэг сарын барьцаа хөрөнгө байршуулах шаардлагатай. Харин 3-4 өрөө байр түрээслүүлэх зар 1-2 өрөөтэй харьцуулахад бага, сонирхох хүн ч цөөн байдаг аж. Төлбөр нь 1.2-5 сая төгрөгт хэлбэлздэг юм байна. Сансарын үйлчилгээний төвийн дэргэд гурван өрөө орон сууцыг сард 1.2 сая төгрөгөөр хөлсөлж болох бол Хан-Уул дүүрэгт, шинэ баригдсан барилгад 3-4 өрөөнд “суух” бол 4-5 сая төгрөг төлөх шаардлагатай. Хотын зах руу Сонгинохайрхан дүүргийн XXI хороолол, Таван шар орчим, Улаанхуаран, Яармаг, Буянт-Ухаа хавьд 1-3 өрөө байрны түрээсийн төлбөр хотын төвийнхөөс харьцангуй хямд. Тухайлбал, Ханын материалд тавилгатай, гурван өрөө байрыг 800 000 төгрөгөөр түрээслүүлнэ гэсэн нь МУИС-ийн хичээлийн V байрны хажууд байрлалтайгаас 700 000-аар хямд дүн юм.
1-3 давхар, нэг давхартаа 10 хүртэлх айл амьдрах, төвлөрсөн халаалттай нийтийн байр түрээслүүлэгч олон. Дотроо ариун цэврийн өрөөтэй, 20-30 ам метр талбайтай байгаа бол нийтийн ариун цэврийн өрөөтэй 20 хүртэлх ам метр хэмжээтэй байрууд ч бий. Түрээсийнх нь төлбөр 100 000-350 000 төгрөг аж. Баянзүрх дүүрэгт “Жуков”-т нийтийн байр хөлсөлж дөрвөн жил амьдарч буй Б.Оюун “Дөрвөн давхар барилгын нэг, хоёрдугаар давхарт нь үйлчилгээний төв болон эмнэлэг ажиллуулж, гурав, дөрөвдүгээрхэд нь айлууд амьдардаг. Манайх дотроо угаалгын өрөөтэй, 30 гаруй ам метр талбайтай нэг өрөөг сард 350 000 төгрөгөөр түрээслээд дөрвөн жил боллоо. Олзуурхууштай нь анх орсон үеэс үнийг нь өсгөөгүй. Цахилгаан, дулааны төлбөрт өвөлд 25 000, 5-9 дүгээр сард 15 000 төгрөг өгч хэвшсэн. Улсаас дулаан, цахилгааны үнийг тэглэсэн ч бид мөнгө төлсөөр байгаа” гэлээ. Зурагт, I хороолол, Дарь-Эх, Гандангийн дэнж зэрэг хотын төвтэй ойролцоо гэр хороололд хашаандаа айл буулгах, хашаа хөлслүүлэхэд сард 100 000 төгрөг авах бол хашаа, байшингийн нэг сарын түрээс багадаа 250 000 гэнэ.
Улсын хэмжээнд энэ жил 90 гаруй их, дээд сургууль, мэргэжлийн сургалтын төвд 190 000 орчим оюутан суралцана. Их, дээд сургуулиудын 40 орчим хувь нь дотуур байртай бөгөөд нэг оюутан жил амьдрахад 700 000-1 200 000 төгрөг төлөхөөр байна. Байрнуудын дийлэнх нь өрөөндөө 4-5 хүнтэй, нийтийн гал тогоо болон ариун цэврийн өрөөтэй. Мөн оюутны байрны зориулалтаар ашигладаг “Охидын дотуур байр” олширсон. Нийтийн гал тогоо, ариун цэврийн өрөө, интернэт, зурагттай, хотын төвд байрлалтай, харуул хамгаалалттай, тохилог байранд нэг хүүхэд сард 200 000 орчим төгрөг төлдөг аж. Эрэгтэй хүн гэртээ хонуулахгүй, согтууруулах ундаа байрандаа хэрэглэхгүй гэсэн гэрээ байгуулж, дотоод журам мөрдүүлдгийг байрны эзэд нь хэллээ.
Орон сууцын түрээсийн төлбөр өнгөрсөн намрынхаас сард дунджаар 150 000, хашаа, байшин, дотуур байрных 50 000-80 000 төгрөгөөр нэмэгджээ. Яагаад ийнхүү үнэ, ханш нь өссөн талаар V сургуулийн хажууд болон XIX хороололд тус бүр хоёр өрөө байр хөлслүүлэгч С.Алтанцэцэг “Түрээслэх, түрээслүүлэх гэрээ нь иргэдийн сайн дурын үндсэн дээр хийгддэг. Хаана, ямар ч орон сууцыг тэдэн төгрөгөөр түрээслүүлэх ёстой гэсэн журам байхгүй. Миний хувьд өнгөрсөн онд түрээсээс бүрэн орлого олж чадаагүй. Хөл хориотой холбоотойгоор урд хөршөөс ирж суралцдаг оюутнууд буцсанаар хоёр байр эзэнгүй байсан. Түрээсийн төлбөрөө тухайн жилийн жишгийг харж байгаад л тогтоочихдог” хэмээн ярив. Нэмж хэлэхэд, ялангуяа орон сууцын түрээсээс орлого олдог иргэд, аж ахуйн нэгжүүд татвар төлдөггүй. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хууль байдаг ч түрээсээс олсон хувь хүний орлогыг хэн хянан баталгаажуулж, татвар ногдуулах талаар дурдаагүй аж. Түрээслүүлэгчид нь өөрсдийн хүссэнээр, тухайн жилд олонх түрээслүүлэгч хэдэн өрөө байрыг ямар үнээр хөлслүүлж буйд нийцүүлж ханшаа тогтоодог хэвээр байна. Ер нь нэг өрөө байрны түрээсийн төлбөр хотын захын дүүрэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй ойролцоо байгаа бол төвдөө уг дүнгээс 50 хувиар өндөр үнэтэй нь орон сууцгүй айлууд, залуу гэр бүлд хүнд тусаж байгааг хэлэх хүн олон байлаа.