Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсад анх 1999/2000 онд зуданд нэрвэгдсэн малчдад чиглэсэнхүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш бэлчээрийн зүй зохистой ашиглалт, зах зээлийн шинэ боломжийг бий болгох, бодлогын таатай орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий Ногоон алт, Малын эрүүл мэнд урт хугацааны хөгжлийн төслийг хэрэгжүүлжээ.
Өнөөдөр 17 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийг Монгол Улсын Засгийн газар, түүний харъяа байгууллагууд, аймгуудад хүлээлгэн өгч, 2021 оны 09-р сарын 09-10-нд Монголын Бэлчээрийн IV форум, “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн хаалтын ажиллагааг зохион байгуулж, Монгол малчид, үндэсний байгууллагууд, мэргэжилтнүүдтэй хамтран бүтээсэн Монгол Улсад үлдээж буй өвүүд, үр дүн, сайн туршлага, сургамжуудаа хуваалцаж байна.
Тус арга хэмжээнд УИХ, Монгол Улсын Засгийн газар, түүний харъяа яам, агентлаг, ХААИС, малчид, судлаачид, бэлчээр ашиглагчид, АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны Хорнадогийн судалгааны төвийн захирал, доктор Брандон Бестелмейер нар оролцож “Бэлчээрийн зүй зохистой ашиглалт тал хээр нутгийн экосистемийн үйлчилгээний тэнцвэрт байдлыг хамгаалахад гүйцэтгэх үүрэг”, “Малчдын дундын ашиглалтын бэлчээр нутгийг зүй зохистой, хариуцлагатай ашиглах арга замыг хэрэгжүүлсэн тухай: “Нийтийн өмчийн эмгэнэл”-ийн үр дагаврыг даван туулах нь”, “Бэлчээрийн төлөв байдал, ашиглалтын нөлөөг үнэлэх фотомониторингийн системийг бэхжүүлсэн нь: “Үр дүн, сургамж, тогтвортой байдал”, “Өөрчлөгдөж буй дэлхийд тал хээрийн бэлчээр нутгийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах шинжлэх ухааны арга зам” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.