“Богд” банк ирэх сард хувьцаагаа олон нийтэд санал болгон арилжихаар төлөвлөжээ. Тус банкны гүйцэтгэх захирал Г.Саруул өнгөрсөн мягмар гарагт биржийн бус зах зээлийн нээлтийн ёслолд оролцох үеэрээ “Манайх банкуудаас хамгийн түрүүнд хувьцаагаа олон нийтэд санал болгох гэж байна. Аравдугаар сард хувьцааныхаа анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх болно. Үнэт цаасны компаниудыг идэвхтэй оролцохыг хүсэж байна” гэсэн юм. Тус банк нийт хувьцааныхаа 20 хувийг олон нийтэд худалдахаа зарлаж, IPO гаргах андеррайтер компаниар “Ард секюритиз”-ийг сонгосон. Хувьцаагаа Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжихаар материалаа бүрдүүлэн хүргүүлжээ. Компани хувьцаа гаргахад бирж болон Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авдаг. Тэгвэл банк Төвбанкнаас нэмж зөвшөөрөл авах юм байна. Монголбанк зөвшөөрвөл Монголын хөрөнгийн бирж хувьцаа гаргах материалыг нь судлах гэнэ. Төвбанкнаас “Богд” банкийг хувьцаагаа арилжихийг хараахан зөвшөөрөөгүй аж. Эх сурвалжууд зөвшөөрөл олгохгүй удаж буйг “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хүсэлттэй холбон тайлбарлаж байна. Тус компани “Богд” банкийг олон нийтэд хувьцаагаа гаргахаас нь өмнө тодорхой хувийг нь худалдаж авах санал Монголбанканд хүргүүлсэн гэнэ. Түүнийг нь Төвбанкныхан зөвшөөрөхгүй байгаа аж.