Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн өнгөрсөн аравдугаар сард Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийг 13 өдөр хэлэлцэж, шийдвэрээ гаргаж байв. Ингэхдээ шүүх бүрэлдэхүүн Ш.Батхүүд найман жилийн ял оноож, Ч.Ганзориг, Г. Амарбат, Б.Мөнхжаргал нарыг гэм буруутайд тооцсон ч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Улмаар Г.Алтан, Э.Сүрэнг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй хэмээн үзэж, цагаатгаж байв. Эл хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд Ш.Батхүүд холбогдох зарим хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, оногдуулсан ялыг 7 жил хорих болгон өөрчилсөн. Харин улсын яллагч эл шийдвэрийг эсэргүүцсэн юм. Улсын дээд уг хэргийг хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй хэмээн үзэж, хэргийг прокурорт буцаасан.
Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, худалдааны хэлтсийн дарга явсан Г.Амарбат болон хамжигч гэгддэг “Алтжин групп”-ийн ерөнхий захирал Г.Алтжин, түүний хүү Э.Сүрэн нарт холбогдох хэргийг өнөөдөр Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх өнөөдөр дахин хэлэлцэхээр тов зарласан байв. Гэвч шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Ж.Батзоригт хэргийн материалтай танилцах, шүүгдэгч Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаан давхацсан талаарх баримт ирүүлсэн тул хурлыг хойшлуулж 2021 оны аравдугаар сарын 6-ны 10.00 цагт хэлэлцэхээр тов гаргажээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Английн “Стандарт” банканд хуурамч бичиг баримт бүрдүүлэн барьцаалж, 109 сая ам.долларын зээл авсан хэргээр шүүгдэж буй Ш.Батхүү нар өмнө нь ч шүүх хурлыг хэдэнтээ хойшлуулж байсан. Тухайлбал, өнгөрсөн жил шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Б.Энхболд болон нэр бүхий гэрчүүд ирээгүй тул шүүх хурлыг хойшлуулсан удаатай. Улмаар зарим өмгөөлөгч, гэрчийг албадан ирүүлэх шүүгчийн тогтоол гаргаж байсан юм.