Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 20 996 хүнээс сорьц авч, шинжилснээс шинээр 3,677-ноос нь коронавирусийн халдвар илэрч, зургаа нь нас баржээ. Халдварын тархалт нэмэгдэх шалтгаан нь хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн арга хэмжээ, коронавирусийн дельта хувилбарын давлагаатай холбоотой гэдгийг мэргэжлийнхэн анхааруулж буй. Өнөөдрийн байдлаар нийт бүртгэгдсэн тохиолдол 243 719 болж нэмэгдээд байна. Өчигдөр шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1469 нь нийслэлд, 2208 нь орон нутагт гарлаа. Мөн хугацаанд 2208 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19 440 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 29 639 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 12 552 нь хөнгөн, 5086 нь хүндэвтэр, 1526 нь хүнд, 276 нь маш хүнд хэлбэрээр өвчилжээ.