БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И ирэх долоо хоногийн эхээр БНСУ-д айлчилж, хоёр талын харилцаа, БНАСАУ-ын талаар яриа хэлэлцээ хийхээр төлөвлөсөн тухай “Yonhap” агентлаг мэдээллээ. Энэ үеэр Ван И БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чон Ый Ёнтой хэлэлцээ хийж, албаны бусад төлөөлөгчтэй уулзах гэнэ. Мөн тэрбээр Ерөнхийлөгч Мүн Жэ Инд бараалхах аж.
Хятадын зүүн өмнөд нутгийн Сямэнь хотод хэлэлцээ хийснээсээ хойш таван сар орчмын дараа Чон Ый Ёнтой Ван И дахин уулзах гэж байна. Ван И хамгийн сүүлд Сөүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард айлчилжээ.
Пхеньянтай хийдэг цөмийн яриа хэлэлцээндээ ахиц дэвшил гаргахын тулд Бээжингийн дэмжлэгийг авахыг оролдож буй Өмнөд Солонгос Хятад, АНУ-ын өрсөлдөөн ширүүсэж байгааг үл харгалзан Бээжинтэй нягт харилцаатай байхыг эрмэлзэж байна.
Өнгөрсөн сард Сөүл, Вашингтоны хамтарсан цэргийн сургуулилалтыг эсэргүүцэж, Умард Солонгос аюулгүй байдлын ноцтой хямралд орохыг анхааруулсны дараа Солонгосын хойгт хурцадмал байдал дахин сэргэж байгаатай холбогдуулан хэлэлцээ хийх болжээ. Уг сургуулилалтыг эсэргүүцэж буйгаа БНХАУ илэрхийлээд, БНАСАУ-тай харилцаагаа хурцатгах аливаа үйлдлээс зайлсхийхийг Вашингтонд уриалсан юм.
Ван И Сөүлд айлчлахдаа Тайвань, Шинжаан-Уйгур зэрэг бүс нутгийн анхаарал татсан асуудлуудаарх Бээжингийн байр суурийг онцлон тэмдэглэх төлөвтэй байна. Тэрчлэн талууд ирэх оны хоёрдугаар сард болох Бээжингийн өвлийн олимпын наадмыг тохиолдуулан БНАСАУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэх шинэ боломж бий болгох арга замыг хэлэлцэх бололтой.
БНАСАУ 2018 оны хоёрдугаар сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод зохион байгуулсан өвлийн олимпод тамирчдаа илгээсэн нь дөрвөн сарын дараа БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп нарын анхны түүхэн дээд хэмжээний уулзалт болоход хувь нэмрээ оруулсан юм. Түүгээр зогсохгүй Ким Жөн Ун БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй 2018 онд гурван удаа дээд хэмжээний уулзалт хийсэн билээ.
Ирэх онд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиох тул иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх хүчин чармайлтын талаар дээрх айлчлалын үеэр хэлэлцэх төлөвтэй байна. Хөх ордны төлөөлөгчийн мэдээлснээр БНХАУ-ын дарга Си Зиньпиний БНСУ-д хийх айлчлалын талаар мөн хэлэлцэж магадгүй гэнэ.