УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо болж буй Дэлхийн парламентуудын тэргүүн нарын V бага хуралд оролцож байна. Тэрбээр Вена дахь НҮБ-ын салбар төвд зочилж, НҮБ-ын Үйлдвэр, хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын ерөнхий захирал Ли Ёнгтой уулзлаа. Манай улсын үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрчим хүч, хүрээлэн буй орчны салбарт байгаль орчинд ээлтэй, дэвшилт технологи нэвтрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ЮНИДО-той хамтран төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, тодорхой үр дүн гарч байгааг УИХ-ын дарга сайшаав.
Дэлхийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн байгуулагатай хамтран, үйлдвэрлэлийн хөгжил, экспортыг дэмжих чиглэлээр Монгол Улсын хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд ЮНИДО хувь нэмрээ оруулж байгааг ерөнхий захирал Ли Ёнг дурдсан. Мөн “Баталгаажуулалтын үйлчилгээ, чанарын удирдлагыг сайжруулах төсөл” нь хамтын ажиллагааны шинэ боломж юм гэлээ.