Оросын түүхийн судар бичгүүдэд Донын Дмитрий ван Алтан ордын Мамай ноёны цэргүүдийн хооронд 1380 оны есдүгээр сарын 8-нд болсон Куликовын тулалдааныг Монголын дарлалаас гарах эхлэлийг тавьсан хэмээсэн байдаг. Энэ тухай дээд сургуулиудад зориулсан Оросын сурах бичигт “Куликовын талд Алтан орд анхны томоохон ялагдал хүлээсэн юм. Куликовын тулалдаан нь Москва Алтан ордны дарлалыг таягдан хаях эхлэл болж, Оросын нутгуудыг нэгтгэх улс төр, эдийн засгийн төвийн хувьд хүч чадлаа харуулсан хэрэг болжээ. Куликовын тулалдааны ачаар татварын хувь багассан. Алтан ордынхон Оросын бусад улсын дунд Москва тэргүүлэх болс ныг эргэлт буцалтгүй хүлээн зөвшөөрөв. Куликовын тулалдаанд Ордынхныг бут цохисон нь тэдний хүч чадлыг мэдэгдэхүйц сулруулжээ. Оросын янз бүрийн нутаг, хотын иргэд Куликовын тулалдаанд очиж, буцахдаа Оросын ард түмэн болон буцжээ” хэмээсэн байх аж.
Оросын нэрт түүхч Н.М.Карамзинаас эхлэн томоохон түүхчдийн өгсөн дүгнэлтээр Куликовын тулалдаан нь Монголын ноёрхлын төгсгөлийн эхийг, монгол цэрэг ялагдашгүй гэсэн домогт цэг тавьсан, Оросын вант улсуудаас Москвагийнх хүчирхэгжин, Орос орныг нэгтгэх төв болон хувирсныг харуулсан, Оросын ард түмэн гэх нэгэн ойлголт бий болсныг Оросын олон нийтэд ухааруулсан гэж дүгнэцгээдэг юм. Олон зууны турш нэгэнт тогтсон түүхийн энэ ойлголт саяхныг хүртэл түүх судлалд ноёрхож, олон нийт энэ тулалдааныг Оросын цэрэг Мон
голын цэргийг дийлсэн байлдаан гэж бодсоор өдий хүрчээ. Гэтэл 2004 оны арванхоёрдугаар сарын 23-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин сэтгүүлчдийн асуултад хариулсан шууд ярилцлагынхаа үеэр Куликовын талын тулалдааны тухай “Тэнд аль аль талаас нь орос цэргийн хороод ч, Татаарын морин цэрэг байсан. Оросууд (Татаарын морин цэргийг) цохилтын гол хүч болгон ашигласан” хэмээсэн нь энэ сэдэвт олны анхаарлыг дахин хандуулж орхив. Байз байз, юун Оросын талд байлдсан монгол цэрэг, Монголын талд байлдсан орос цэрэг болчихов. Куликовын талд тэгээд хэн нь хэнтэй, юуны төлөө байлдсан болж таарав аа?
Эндээс эхлээд учир нь тодорхойгүй олон асуулт хөвөрч эхэлнэ. Дмитрий ван Монголын дарлалыг эсэргүүцэж байсан юм бол яагаад энэ тулаанаас хэдхэн жилийн өмнө Мамай ноёны утсан хүүхэлдэй Мухамед Булаг хаанаас Оросын их вангийн зарлигаа өвдөг сөгдөн авсан юм бэ? Тулалдаан болох үед Оросын нэлээд олон ван, тухайлбал, томоохон вант улсуудаас Рязань Москвагийн эсрэг байр сууринаас хандаж, Алтан ордтой нэг эвсэлд яагаад багтаж байв? Судар бичгүүдэд бичсэн шиг хэдэн зуун мянгаар тоологдох цэрэг эрс хоёр талаас байлдсан гэсэн нь үнэн үү? Хаанаас тийм олон цэрэг гарч ирэв? Хэрэв Донын Дмитрийн талд монгол цэрэг байлдсан бол ямар цэрэг, хаанаас ирж оролцов? Хэрэв Куликовын тулалдаан Монголын дарлалыг төгсгөл болгосон юм бол Орос орон энэ тулаанаас хойш 100 жил монголчуудад татвар төлсөөр байсны учир шалтгаан юу вэ? Мамайг ялсны дараа Донын Дмитрий ван Тохтамыш хаанд элч заран, эсэргүү дайсныг даран устгасныгаа илтгэсний учир юунд байв гээд зах хязгааргүй олон асуудал ар араасаа даган хөврөх ажээ.
Москвагийн их ван Иван Калита (1284-1340) Алтан ордын эрхийг Москвагийн вант улсад авсан үеэс эхлэн татварыг элдэв маапаангүй тушаах болсон тул Орос руу татварын асуудлаар үүссэн уулгалалт, залхаан цээрлүүлэх байлдаан зогсож, хэсэгтээ “великая тишина” буюу “агуу их нам гүм байдал” ноёрхох болжээ. Их талын зүгээс үе үе орж ирдэг галдан шатаасан уулгалалт зогсож, монгол цэрэг Оросын вангуудын урилгаар үе үе дотоодын самуунд оролцох боловч Орос орныг нийтэд нь хамарсан томоохон довтолгоон болохоо байв. Энэ бол байлдан дагууллын дараа нурсан улс орноо өөд нь та таж, эдийн засгийн болон цэрэг, зэвсгийн хүчээ сэлбэх нэн шаардлагатай амсхийлтийг Орос орон олж авсан хэрэг байв. Монголын довтолгооны өмнө байсан Оросын дотоодын хүчний харьцаа өөрчлөгдөж, энэ үед Алтан ордын татва рыг цуглуулдаг Москва, Тверийн вант улсууд хүчирхэгжин өндийж эхэлсэн билээ.
Нөгөөтээгүүр, Алтан ордын харьяат гэсэн Куликовын тулалдаан буюу Иван Калита ван Донын Дмитрий ваннэрээс сүрдсэн Европын загалмайтнууд Орос руу өнгөлзөхөө байж, өрнө зүгээс хийх түрэлт зогсож, оросуудад өөр нэг чухал амсхийлт олгов. Литовын вант улстай шөргөөцөлдөн байлдах нь зогсоогүй ч эдгээр дайн нь Орост үхлийн аюул болон тулгарахааргүй мөргөлдөөн байлаа. Хамгийн гол нь Тевтоны орден, За галмайтны Орден зэрэг томоохон Өрнөд Европын орден дорно зүгт түрэлт хийхээ зогсжээ. 1270 онд Алтан ордны хаан Мөнх Төмөрийн зарлигаар түүний Владимирын даргач Амраган ноён Новгород руу довтолж ирсэн Тевтоны рыцариудын довтолгоог зогсоож байсан нь үүний нэг тод жишээ юм.
Аажмаар Москвагийн вант улс хүчирхэгжин, Оросын бусад вант улсад нөлөө үзүүлэх томоохон улс болон төлөвшиж, гол өрсөлдөгч Тверийг 1370-аад он гэхэд нухчин дарж авчээ.
Харин Алтан ордын улс улам задрах үйл явц аажмаар явагдаж эхлэв. 1260-1264 онд Монголын их хааны ширээг булаацалдсан Хубилай, Аригбөх нарын тэмцлээр эзэнт гүрний харьяат улсууд задарч, Юань улс, Алтан орд, Цагаадайн улс, Хулагугийн Илхаант улс бие даан засаглаж эхэлжээ. Нэгэнт Их Монгол Улсаас тусгаарлагдсан Алтан орд төвөөс дэмжлэг авахгүй болсон учир эхэн үеийн Монгол улс шиг айдсыг төрүүлэх нь багасаж, Оросын вангууд ч Алтан ордын дотоод хэргийг сайтар мэдэх болж, өөрийн хэрэгтээ монгол цэргийг ашиглах, зарим үед Алтан ордын дотоод хэрэгт шууд болон шууд бусаар хутгалдах болсон байна.
1359-1380 оны хооронд Алтан ордын хаан ширээний төлөөх тэмцэл замбараагаа алдаж, 21 жилийн дотор 25 хаан солигдож, Хөх орд, Цагаан орд гэх мэтээр үнэн хэрэгтээ тусгаар шахуу улс болж хуваагдан дотоодын дайн самуунд автжээ. Дотроо ч хуваагдсан Алтан орд Их Монгол Улсаасаа ч бүү хэл, өөрийн хөө цэргийг ч бүрэн дайчлах боломжгүй болж эхлэв.
1338 онд Иссык-Куль нуурын эргээс эхэлсэн тарваган тахлын давлагаа 1346 он гэхэд Алтан ордын нутагт хүрч, Сарай хотыг хоослов. Энэ тухай тэр цагийн Оросын цаглаварт тэмдэглэхдээ “Дорно зүгт их үхэл тархаж, Орнач, Асторокань, Сарай, Бездеж болон бусад улс, хотод түгэн, буруу номтон татаар, ормен (армян), обез (абхаз), фряз (Хар тэнгист суурьшсан италичууд), черкесүүдийг оршуулах хүнгүй болов” хэмээсэн байдаг. Алтан ордыг хосолсон энэ хар тахал Крымийн хойг, Кавказ, Иран руу тархсан бол Оросыг их айхтар нэрвээгүй ажээ. Аймшигт энэ тахал Алтан ордын хүчийг ихээхэн сулруулав.
1357 онд Алтан ордын хаан болсон Бердибек өөрийн өрсөлдөгч болж болзошгүй бүх ноёдыг цаазлахыг зарлиг болгосноор Бат хааны удмын 12 ноёныг ёс бусаар амийг нь тасалж, устгасан юм. Үүнээс үүдэн шинэ хаанд дургүйцсэн ноёдыг толгойлсон Кульпа гэгч өөрийгөө Жанибек хааны хөвүүн хэмээн хуурамчаар зарлаж, 1359 онд Бердибек хааныг алснаар ордны үймээний 20 жил эхэлсэн билээ. Бердибекийн хүргэн беклярбек Мамай Кульпад дайн зарлаж, Алтан ордын баруун хэсгийг мэдэн эзэгнэх болсноор Цагаан орд хэмээн нэрлэгдэн, Батын удмын ноёдоор ёс төдий хаан тавьж өөрөө үнэн хэрэгтээ бүх хэргийг мэдэх болсон ажээ.
Нэгэнт хууль ёсны хаан гэж хэлэхэд хэцүү ноёд хаанаар өргөмжлөгдөх болсон нь Зүчийн угсааны ноёдын дотоод тэмцлийг дэвэргэн, 21 жилийн дотор 25 хаан солигдсоны хамгийн богино нь хоёр сар, хамгийн урт хаанчилсан нь хоёр жил болж байлаа. Дайны хажуугаар дажин гэгчээр будилаант энэ үед хар тахлын тархалт Алтан ордын улсын хүн амыг сүйрүүлэн сүр хүчийг мөхөөсөн юм.
1377 онд Мангышлакийн эзэн Туй Хожагийн хүү, Зүч хааны 13 дугаар хүү Туг Төмөрийн удам Тохтамыш хаан Цагадайн улсад ноёрхлоо тогтоосон Доголон Төмөрийн тусламжтайгаар Алтан ордын хаан ширээний төлөөх тэмцэлд оролцож эхлэв. Эхлээд Хөх ордод эзэн суусан Тохтамыш хаан 1380 онд гэхэд Мамай ноёныг түрсээр Цагаан ордын нэлээд хэсгийг эзэлж, Мамайг Хар тэнгисийн хойд тал, Крымийн хойгоор хязгаарлаж чадсан билээ. Иймээс Куликовын тулалдаан болох үед Мамай ноён урдны хүчирхэг беклярбек байхаа нэгэнт больж, улсын баруун хязгаарт орогносон оргодол босуулын хэмжээнд оччихсон байлаа.
Москвагийн ван II “Сайхан” Иваны хүү Дмитрий Иванович ван Алтан ордонд “их буди лаан” үүссэн жил буюу 1359 онд есөн настайдаа вангийн ширээнд заларсан билээ. 1362 онд Мамай ноёны тавиул хаан Абдулла Дмитрий хүүд зарлиг хайрлаж, вангийн ширээг нь баталгаажуулахад Москвагийн хамба Алексий, Мамай ноён нарын дотнын харилцаа нөлөөлсөн аж. 1371 онд Алексий хамбын оролцоотойгоор Алтан ордын татварыг хоёр дахин бууруулсан гэрээ Москвагийн Вант улс, Мамай ноёнтой байгуулжээ.
Мамай ноён Москвагийн харилцаа дандаа сайхан байсангүй. Москвагийн вант улс хүчирхэгжиж байгааг мэдэрсэн Мамай ноён завсарт нь татвар цуглуулах эрхийг Тверийн ван Михаилд өгөх зэргээр нэлээд асуудлууд үүсгэж байлаа. 1375 онд Дмитрий ван Оросын зүүн хойд хэсгийн вант улсуудтай хамтран Тверийг дайлж, Москвагийн хараат улс болохыг нь хүлээн зөвшөөрүүлснээр Мамай ноёны тоглолтыг хязгаарлаж чаджээ.
1376 онд Москва, Суздалийн вант улсын цэргүүд Ижил мөрний Булгаар луу довтолсон байна. Алтан ордын хаан ширээний төлөө тэмцэлд ялагдсан Хасан хан зугатаж, Ижил мөрний Булгаарыг эзлэн ноёрхсон тул Оросын вангууд Мамай ноёны зарлигаар тийнхүү дайнд мордсон хэрэг. Мамай ноёнд цохиулж, оргодол босуул болсон цөөхөн цэрэгтэй Хасан ханыг дарсан энэ явдал түүхэндээ Оросын цэрэг монгол ноёныг дайлсан анхны тохиолдол шахуу байлаа. Харин энэ үед Мамай ноёны дургүйг хүргэсэн өөр нэгэн явдал болсон нь Хасан ханыг бут цохисон Оросын цэргүүд дайны төлбөрт 5000 рубль аваад зогсохгүй, Булгаарт татварын Орос ноён үлдээсэн хэрэг мандав.
Үүнд дургүйцсэн Алтан ордын хаан Араб шахын цэргүүд 1377 онд Орост халдан, Пьяна буюу Согтуу голын эрэг дээр Оросын нэгдсэн цэргийн хүчийг хиар цохисон тухай Оросын судар бичгүүдэд “И бысть на Пьяни и пьяне (Согтуу голын эрэг дээр согтуу байцгаав)” хэмээн тэмдэглэжээ. Араб шахын цэргийг хүлээж байсан Оросын цэрэг хэд хоног найрлацгааж, согтуу хөлчүү унтацгааж байх үед нь монгол цэргүүд дайран орж, хүйс тэмтэрсэн байна.
Алтан ордод алтан ургийн удмын ноён Тохтамыш хаан ширээний төлөө тэмцэл хийж эхэлсэн мэдээ Оросын вангуудыг ацан шалаанд орууллаа. Мамай ноёнд татвараа төлсөөр байх ахул хожим хууль ёсны эзэн хаан “оргодол хулгайд татвар төлсөн” хэмээн үзэж, наанадаж татварыг дахин төлөх, цаанадаж хэрэг буруугаар эргэвэл улсын эсрэг гэмт хэрэгтнийг санхүүжүүлсэн ялд ч унаж мэдэхээр бол жээ. Тохтамыш хаантай тэмцэлдэж эхэлсэн Мамай ноён харин өөрийн дайн байлдааныг санхүүжүүлэхэд хөрөнгө мөнгө ихээр шаардлагатай болсон тул Оросоос авах татвараа багасгасан гэрээгээ өөрчлөхөөр шийдэж, хоёр дахин их татвар нэхэж эхлэв. Сарай, Казань, Астрахань гээд томоохон хотоо Тохтамышд алдсан Мамай ноёнд Хар тэнгисийн эрэгт байх Италийн худалдааны хотууд болох Кафа, Судак хотоос гадна Оросоос өөр олигтой татварын эх үүсвэргүй болсон нь ч нөлөөлжээ.
Алтан ордын доторх самууныг далимдуулан Дмитрий ван татвар төлөхөөс татгалзав. Юуны өмнө, Мамай ноёны өргөмжилсөн хаадууд хууль ёсны хаан, эсэх нь ойлгомжгүй гэдэг аятайхан шалтаг гарч иржээ. Нөгөөтээгүүр, гэрээгээ зөрчин татвараа нэмсэн тул учраа олтол төлөхгүй байх өөр нэг аян шалтаг ч бий боллоо.
Мамай ноёны хувьд Тохтамыш хаантай хийх дайныг санхүүжүүлэх гарцаагүй шаардлага бий болсон агаад үүний тулд Оросын вант улсуудыг нухчин дарж, татвараа олж авах зайлшгүй хэрэгцээ үүсжээ. Эхлээд тэрбээр сүрдүүлэх зорилготой Мурза Бегичээр удирдуулсан багахан цэрэг Орост 1378 онд илгээсэн боловч Вожь голын эрэг дээр Оросын цэрэгт бутцохиулав. Оросын цэрэг Вожь голын эрэгт монгол цэрэгтэй тулгармагц хуурамч ухралт хийж, араас нь мөшгөхөөр гол гарч эхэлсэн монгол цэрэг рүү гэнэт эргэн довтолж, голын ус руу түрэн шахаж живүүлжээ. Орос цэргийн жанжнууд монгол цэргийн байлдааны тактикийг чамгүй сайн сурч авсан байсан нь эндээс харагдаж байна. Оросын цэргүүдийг Дмитрий вангийн үеэл дүү Серпуховын ван Владимир Андреевич болон Литовоос хүчин зүтгэхээр дагаар ирсэн Волынь мужийн Дмитрий Боброк жанжин нар удирдаж байв. Ялангуяа Дмитрий Боброк жанжин Лито вын ван Ольгерд болон Алтан ордын жижиг хануудын хооронд 1362 онд болсон Хөх голын тулалдаанд оролцсон, монгол цэргийн байлдааны тактикийг сайтар мэддэг нэгэн байжээ. Тэрбээр хожим Куликовын тулалдаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн тухай сурвалж бичгүүд мэдээлдэг билээ.
Энэ ялагдлын өшөө авах, Оросыг нухчин дарж, санхүүгийн тогтвортой эх үүсвэртэй болох, их цэрэг элсүүлж, Тохтамыштай эргэн байлдах зорилгоор Мамай Литовын их ван Ягайлотой эвсэл байгуулан, Рязаны ван Олегийг талдаа татаж, 1380 онд Москваг эзлэхээр их цэрэг хөдөлгөв.
Дмитрий ч зүгээр суусангүй. 1375 онд Дмитрий ван хүүгээ загалмайлах баяр хийж, найрандаа Хойд Оросын вангуудыг урьжээ. Ухаандаа, хүүхдийн үсний найраар далимдуулан холбоотон вангуудаа урьж, хутагт ламаар уриалуулан эвсэл байгуулах ажил зохион байгуулсан хэрэг л дээ. Мэдээжийн хэрэг, харьяат Оросын вангууд нэг газар гэнэт цуглах нь Алтан ордын анхаарлыг татаж магадгүй байсан тул ийнхүү найр, наадам ашигласан хэрэг байх л даа. Хөвүүнийг загалмайлах ёслол үйлдэхээр ариун гэгээн хэмээн ихээхэн нэрд гарсан лам Сергий Радонежский ирсэн бөгөөд найрын үеэр Сергий лам эхлэн сэдэж, Зүүн-Хойд Оросын вангуудын эвсэл байгуулахаар болжээ. Вангууд энд тэнд мэр сэр уулгалах болсон татаарын элдэв жижиг ноёдын уулгалалтыг хамтран сөрөн зогсох тохиролцоонд хүрснээс гадна юуны өмнө Тверийн ван Михаилыг дайлаар мордож, буулгаж аван, Москвагийн вант улсын ноёрхлыг тогтоов. Энэ үйл явдлын өмнө Алтан ордод очихдоо Дмитрий ван 10 000 рублийн өрөнд барьцаалагдсан Тверийн ван Михаилын хүү Иваныг өрийг нь төлж авсан бөгөөд Иван ханхүү ийнхүү Алтан ордын бус, Москвагийн вант улсын барьцааны хүн болж хувирсан байсан нь ч нөлөөлсөн нь эргэлзээгүй. Ийнхүү татварын маргаанаас үүдэн Мамай ноён болон Москвагийн вант улсын тэргүүлсэн Зүүн-Хойд Оросын эвсэлийн хооронд цуст мөргөлдөөн үүсэх нь ойлгомжтой болов.
ТАТВАРЫН МАРГААН
Орос болон Мамай ноёны хооронд үүссэн гол маргааны шалтаг нь татварын хувь хэмжээ байлаа. Орос орон Алтан ордод ямар хэмжээний татвар төлдөг байсан талаар эхэн үедээ эх сурвалжуудын мэдээлсэн тодорхой тоо, хувь хэмжээ алга. Хожим XVI, XVII зууны үед бичигдсэн Оросын эх сурвалжуудад “буруу номтны хаан Бат арван хувийн татвар буюу десятина төлөх”-ийг шаардсан гэж гардаг нь хувь хэмжээг заасан хэрэг бус, зөвхөн тэр цагийн Европт өргөн тархсан сүмийн 10 хувийн десятина хэмээх татварын нэртэй дүйцүүлэн хэлсэн байх магадлалтай билээ. Библийн судраас эхлэн нийт орлогын 10 хувийг сүмдээ өргөх уламжлал тогтсоныг Өрнөд Европт 779 онд Их Карл ван хуульчилсан байдаг. Орост ч энэ татвар үйлчилж байсныг 995 оны Владимир Святославович вангийн хуульд “Өнгөрсөн жилээс сүм хийд Эх дагины нэрийн өмнөөс Оросын бүх нутагт шүүхийн хэргээс аравны нэгийг, худалдаанаас 10 дахь долоо хоногийн орлогыг, зун бүр өрхөөс гэрийн амьтан бүрийн аравны нэгийг Эх дагины болон гэгээн Спасын өдрөөр” авч байхаар заасан байдаг.
Монголчууд Оросоос хэд хэдэн төрлийн татвар авч байсан тухай мэдээ бий. Юуны өмнө Засгийн татвар буюу тухайн үеийн эх сурвалжид тэмдэглэгдсэнээр ясак буюу выход гэх татвар авч байв. Оросын түүхч К.Жуков энэ татварын хэмжээг хамгийн ихдээ дөрөв, хамгийн багадаа буюу Куликовын тулалдааны үед хоёр хувь байсан хэмээн үзжээ. Энэ хэмжээ нь 10 хувийг төл дөг байсан Оросуудын хувьд жигтэйхэн их татвар байгаагүй нь ойлгомжтой хэрэг. Оросыг эзэлсний дараа монголчууд хүн амын тооллого явуулж, 43 түм буюу 430 000 татвар төлөгч байгааг тогтоосон байдаг. Энэ үед үүнийг өрх биш, соха буюу анжис хэмээн нэрлэж байжээ. Соха буюу анжисыг зөвхөн өрх гэж үзэхэд хэцүү бөгөөд нэг эзэмшил тариалангийн талбайгаас тэжээгддэг тариачдын отог гэж хэлбэл зохистой. Монголын татвар анжиснаас жилд полтинник буюу хагас гривень мөнгө авдаг байв. Эрдэмтдийн тогтоосноор энэ нь 102 грамм мөнгө болж байжээ. Энэ их үү, бага уу?
Их Петр хааны үед тариачны ам бүлээс хүн амын татвар нэг хүний нэг рубль буюу 30 грамм мөнгө авч байсныг тэмдэглэн үлдээсэн байдаг. Нэг өрхийг таван хүнтэй гэж үзвэл Петр хаан Монголчуудын хамгийн өндөр авч байсан үеийн татвараас 50 хувь их буюу 150 грамм мөнгө жилд татварладаг байсан гэсэн үг юм. Петр хааны үед улсын татварын орлогыг жилд 476 тонн мөнгө байсан гэж тооцсон бол Алтан ордын жилд Оросоос авдаг байсан татварыг 1.5 тонн гэж үзсэн судалгаа байна. Өөрийн хаан нь ингэж авч байхад булаан эзлэгч монголчуудын дарлал хамаагүй зөөлөн байсан юм биш үү гэж өөрийн эрхгүй бодогдож байгаа биз?
Өөрөөр тооцсон судалгаа бас байна. Монголчуудын тооллогоор Владимирын их вант улс 15 түмэн анжистай гэж тоологдсон бөгөөд жилд 15 000 рубль төлж байсан гэх баримт үлджээ. Хэрэв энэ тоогоор үзэх ахул нэг анжиснаас 10 копеек буюу 20 грамм мөнгө жилд төлж байсан гэвэл бүр бага тоо гарна. Мэдээжийн хэрэг, татварын хэмжээ вант улс бүрээр янз янз байсан нь ойлгомжтой. Татварын хувь хэмжээ багас саар Куликовын тулалдаан болох үед буюу XIV зууны дундуур 150 000 анжистай Владимир 15 000, 50 000 анжистай Тверь 2000, 50 000 анжистай Новгород 2000, 20 000 анжистай Москва 1280 рубль төлж байсан баримт байгаа нь нэг өрхөөс жилд авах татвар 68 граммаас 13 грамм хүртэл байсан хачирхал тай тооцоо гарна. Өөрөөр хэлбэл, эхэндээ 102 грамм байсан татвар дунджаар 40 грамм болтлоо буурчээ. Петр хааны 150 грамм Монголын хааны 40 грамм хоёр үнэхээр ялгаатай харагдах бөгөөд “монгол-татаарын дарлал” гээч их л таатай татварын орчинтой байжээ гэж бодогдоно.
Бэлтгэсэн Ё.Отгонбаяр