Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр нэмэгдсээр байна. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2020 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлтээс харвал төрийн өмчит хуулийн этгээдүүдийн өр, төлбөр 16.3 их наяд төгрөгт хүрчээ. Төрийн банк 3.17, Хөгжлийн банк 3.18 их наяд төгрөгийн өр, төлбөртэй гэж тус тайланд бүртгэгдсэн байлаа. Үүнийг төрийн өмчит компанийн өр, төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй гэнэ. Учир нь дээрх банкуудын татан төвлөрүүлсэн хөрөнгийг өр, төлбөр гэж тооцжээ. Төрийн банкны тухай авч үзвэл иргэн, аж ахуйн нэгжээс татан төвлөрүүлсэн мөнгийг нь өр гэж үзэж буй хэрэг. Угтаа энэ нь иргэдийн хадгаламж юм. Банк татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө зээл олгодог. Тэр нь эргэж төлөгдөнө. Иргэдийн хадгаламжийг зээлийн төлбөрөөр эргүүлэн төлнө. Хөгжлийн банк ч гадаад, дотоодоос хямд санхүүжилт татаж, түүнийгээ томоохон төслүүдэд зээлж буй. Мөн л зээл эргэж төлөгдөнө. Бусдаас татан төвлөрүүлсэн мөнгөө эргүүлэн олгоно. Тэгэхээр өр гэж үзэх үндэслэл муутай.
Үүнтэй төстэй нэгэн жишээ тайлангаас харагдав. “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” компани 70.3 тэрбум төгрөгийн өртэй гэж дурджээ. Хөрөнгийн зах зээлийн нэг дэд бүтэц болдог уг компани жилд 1-2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг. Гэтэл 70.3 тэрбум төгрөгийн өглөгийг нь өр гэж “эндүүрэв”. “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” олон компанийн ногдол ашиг тараадаг. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашиг тараасныг бид мэднэ. Хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 70.3 тэрбум төгрөг тус компанийн дансанд үлдсэнийг өр гэж үзсэн бололтой. Энэ бол хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийн мөнгө. Өөрөөр хэлбэл, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн хуулийн дагуу дамжуулан олгох өглөг юм.
“Эрдэнэс Тавантолгой” компани 2020 оны эцэст хоёр их наяд төгрөгийн өр, төлбөртэй байжээ. Тэднийх хоёр жилийн өмнө нь ямар ч өргүй боллоо гэж зарлаж байсан. Улмаар хоёр жил дараалан нэг их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” яагаад ийм их өртэй болчихсон юм бэ гэж гайхаж магадгүй. Тухайн компанийн санхүүжилт хийхээр төлөвлөж, гэрээ байгуулсан төслүүдтэй энэ нь холбоотой аж. Тийм төсөлд төдөн төгрөгийн санхүүжилт хийнэ гэсэн гэрээнийх нь үнийн дүн нийлээд хоёр их наяд болжээ. Энэ нь өр, төлбөр гэж тайлан балансад нь бүртгэгддэг юм байна. Тус компани энэ онд хоёр их наяд төгрөгтэй дүйх бонд гаргаж буй. Тэгэхээр өр нь хоёр их наядад хүрэх нь дамжиггүй юм. Төрийн өмчит болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн өрийг тооцохдоо дээрх алдаануудыг анхаарах хэрэгтэй байгаа биз.
“Оюутолгой” компанийн хувьцааны 34 хувийг эзэмшигч “Эрдэнэс Оюутолгой” хувь нийлүүлэгчийн гэрээний дагуу “Рио тинто”-гоос хөрөнгө оруулалтын зээл авдаг. Уг зээлийн хэмжээ өдгөө 2.2 тэрбум ам.долларт хүрээд байна. Үүнийг нэмбэл төрийн өмчит хуулийн этгээдүүдийн өр талийж өгөх нь дамжиггүй.
Төрийн банк болон Хөгжлийн банкны өрийг хасаж тооцлоо гэж бодъё. Ингэсэн тохиолдолд 2020 онд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн өр, төлбөр 10 их наяд төгрөг болж байна. Мөн Төрийн банк болон Хөгжлийн банкны өр, төлбөрийг хасаж тооцсоноор төрийн өмчит аж ахуйн нэгжүүд 2019 онд 4.4 их наяд төгрөгийн өртэй байжээ. Тэгвэл 2018 онд 3.9, 2017 онд 3.8, 2016 онд 4.5 их наяд төгрөгийн өртэй байсан аж. Эндээс 2020 онд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өр, төлбөр хоёр дахин нэмэгдсэн нь харагдаж байгаа биз.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 106 компанийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж буйгаа дуулгасан. Тэгвэл тэдгээрийн 88 нь ямар нэгэн өр, төлбөртэй юм байна. “Эрдэнэс Тавантолгой” компани их хэмжээний өртэй гэж тооцогдсоныг дээр дурдсан. Тэгвэл “Эрдэнэс Монгол” 2.7 их наяд төгрөгийн өртэй байгаа нь бусдыгаа “толгой цохиж” буй юм. Тэдний охин компани “Эрдэнэс силвер ресурс” гэхэд ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэхийн тулд нэг их наяд гаруй төгрөгийн өр тавьсан. Мэдээжийн хэрэг энэ нь “Эрдэнэс Монгол”-ын өр, төлбөрт жин дарж байгаа нь тодорхой. Төрийн өмчит компаниар өр тавиулж, халамжийн бодлого хэрэгжүүлдэг муу жишгийн тод илрэл нь энэ.
“Эрдэнэс Монгол”-ын араас “Монголын төмөр зам” 1.3 их наяд, “ДЦС-4” 590.3, “Улаанбаатар төмөр зам” 521.9, “Эрдэнэт үйлдвэр” 415.6, “Төрийн орон сууцын корпорац” 367.5, “Тавантолгой түлш” 308.4 тэрбум төгрөгийн өр төлбөртэйгөөр шил дарж байна. Эрчим хүчний компаниуд бараг бүгд их хэмжээний өртэй байгаа нь анзаарагдлаа. Зарим талаар төрийн өмчит компаниуд улс орны эдийн засгийн хөгжилд нэмэр болох бүтээн байгуулалт хийхээр өр тавьжээ гэж эерүүлэн бодож болох юм. Гэхдээ л төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр тэлсээр байна.