Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийг шаардаж буй иргэдийн түр хорооныхон өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд “Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулж тэтгэвэр, тэтгэмж нэмдэг тогтолцоотой болъё” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ. Тэд хувь тэнцүүлсэн тэтгэвэр 255 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сард 188 мянган төгрөгөөр амьдарч байгаад бухимдаж буйгаа илэрхийлж, тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгохыг шаардсан юм.
Иргэн Г.Хажидмаа “Ерөнхийлөгчийн Ерөнхий сайд байхад нь 2020 оны дөрөвдүгээр сараас эхлээд иргэн бүрд нэг сая төгрөг олгооч гэсэн шаардлагыг 20 гаруй удаа өгсөн боловч шийдээгүй. Үүний үр дүнд харин хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосон. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр болох 250 мянган төгрөгөөр 190 гаруй мянган ахмад амьдарч байна. Тэтгэвэр тэтгэмжийг доод тал нь 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд 108 мянган төгрөг авдаг. Тэднийг яаж амьдарч байгаа гэж бодож байна. Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлагыг дахиад өнөөгийн Ерөнхий сайдад өгнө. Шаардлагад гурав хоногийн дотор хариу өгөхгүй бол тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлагатай юу гэдэг санал асуулгыг Сонгинохайрхан дүүргээс эхлүүлнэ” гэлээ.
Мөн иргэн З.Даваа “Миний хувьд улсад 36 жил татвар төлсөн. Гэтэл бидний төлсөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгийг луйвардсан” хэмээн ярилаа.