Токиогийн паралимпийн байт харвааны тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Н.Мөнхбаатар өмнөд хөрршийн Жао Лишүтэй цэц сорьжээ. Өрсөлдөгч нь “Рио 2016” олимпын холимог багийн тэмцээний аварга, дэлхийд чансаагаар 23-т жагсдаг. Тэдний хэн хожсон нь шөвгийн 16-д шалгарах байв. Халз харваанд Жао Лишү манай тамирчныг 6:0-ээр (27:16, 24:20, 23:20) хожсон юм. Тэмцээний сүүлийн өдөр (9.4) холимог багийн тэмцээнд тэрбээр Д.Сэлэнгэтэй Италийн багтай өрсөлдөж, тэмцээнээ өндөрлүүлсэн. Ташрамд дуулгахад, паралимпийн олимпод оролцсон Монголын үндэсний шигшээ багийн төлөөлөгчдийг Японы Шизүоки мужийн Яйзү хотын Засаг дарга Накано Хиомичи хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ удаа БНХАУ-ын баг 93 алт, 58 мөнгө, 50 хүрэл нийт 201 медальтай тэргүүлж, Британи 41 алт, 38 мөнгө, 43 хүрэл нийт 122, ОХУ-ын баг 36 алт, 32 мөнгө, 49 хүрэл нийт 117 медаль хүртсэн амжилтаар удаалжээ. Тэгвэл манайх пауэрлифтингийн төрөлд Э.Содномпилжээ алтан медаль хүртсэнээр 57 дугаар байрт жагслаа.