Химич, эрдэс судлаач, сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Гонгоржав монголчуудын чулууны өв соёлын сэдвээрх ээлжит үзэсгэлэнгээ толилуулж байна. Үндэсний түүхийн музейд “Чулууны хээ-4” буюу “Чулуужсан ойн дууль”-даа үзэгч олноо урин залж буй юм. Манай оронд эрт галавын галт уулын нурам, нуурын усны тунамалд дарагдсан, чулуужсан мод, мөн модлог бүхий газар элбэг. Ялангуяа өмнийн шаргал говьд байсхийгээд таарна. Гэхдээ чулуужсан ойтой нь зөвхөн Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байх Сүйхэнт ууланд л байдаг аж. Дэлхийд ховор тохиолдох геологийн олдвор бүхий уг газрыг 1996 онд улсын тусгай хамгаалалтад авсан.
Тэнд очсон Америкийн эрдэмтэд чулуужсан мод босоогоороо 72, харин хэвтээ 49 ширхэг байсан тухай 1997 онд нийтлүүлсэн бол палеонтологич Д.Уранбилиг, Г.Цолмон нар эртний ургамлын үр тоосонцрын дээж авахаар очиход уг модон ой байхгүй, гагцхүү ганц ширхэг унанги үлдсэнийг хараад мэл гайхсан аж. Мезозейн эриний Юрийн галавын үеийн нуур, усны тунамалд ургаагаараа дарагдаж, өнөөг хүртэл хадгалагдсан эртний аварга том модлог-кордайт мэтийн байгалийн түүхийн дахин үл сэргээгдэх дурсгалыг олз хайсан хүмүүс устгасан байжээ. Гэсэн ч уг ойн ормон дээр үлдсэн чулуужсан хожуул, ёзоор, дархи, гишүү, мөчрийн хугадасаас үйрсэн холтос, цуулдас, ялтас зэргийг өвгөн судлаач түүж, өнөө цагийнханд үзүүлж буй нь энэ ажээ. Судлаач Г.Гонгоржав “Монгол хүн бүр ялангуяа өсвөр үеийнхэнд өвөг дээдсийнхээ өлзий хутгийн авшигт өсөж төрсөн нутаг усныхаа эрдэнэсийн сан, үүц нөөцөд ямагт элгэмсэг, ажигч гярхай, хайрлаж хамгаалах, аригч сэтгэлээр хандах сэтгэлгээг төлөвшүүлэх, эрдэс чулуулгийн гайхамшигт гоо сайхны мэдрэмж таашаалыг нь бадраах эрмэлзлэлээр энэ үзэсгэлэнг гаргаж байна” гэлээ.