НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын 15 дугаар чуулганы хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын сайд нарын уулзалтыг Женев хотноо цахимаар зохион байгуулав. Уулзалтыг Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх салбар, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн ДГХБО-ын Женев дэх бүлгийн зохицуулагчийн хувиар удирдлаа. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтыг нээж, үг хэлсэн юм. Тэрбээр цар тахлын нөлөөгөөр далайд гарцгүй хөгжиж буй улсууд урьд урьдынхаас илүү хүндрэлтэй тулгарч буйг онцлоод, ДГХБО-ын түүхий эдээс хараат байдлыг бууруулж, эдийн засгийг төрөлжүүлэн, худалдааны хэмжээ, хөгжлийн түвшнийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Түүнчлэн тээвэр, ложистик, хөрөнгө оруулалт, цахим худалдаа, чадавхыг нь бэхжүүлэх зэргээр үзүүлж буй тусламж, дэмжлэгээ цаашид нэмэгдүүлэхийг хөгжлийн түншүүдэд уриаллаа. Мөн 15 дугаар чуулганаас эдгээр чиглэлээр тус байгууллагад илүү их бүрэн эрх олгох шаардлагатай байгааг тэмдэглэв.
Өдгөө дэлхийд далайд гарцгүй 44 улс байгаагийн 32 нь хөгжиж буй юм. Далайд гарцгүй хөгжиж буй орнууд нь далайн боомтоос хол оршдог, олон улсын зах зээлээс алслагдмал, гадаад худалдааны зардал өндөр, транзит улсуудаас хамаарал ихтэй зэрэг олон тулгамдсан асуудалтай бөгөөд олон улсын худалдаанд тэдний эзлэх хувь дөнгөж нэг хувь аж. Уулзалтын эцэст ирэх сарын 3-7-нд болох НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын 15 дугаар чуулганд хандан тунхаглалыг батлав