Нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хороодын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн даамлуудад зориулсан арга зүйн сургалтыг Хэнтий аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт зохион байгуулжээ. Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын алба, Мэдээллийн технологийн төвийн албан хаагчид уг сургалтыг хийсэн бөгөөд нөхөн сонгуулийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, бэлтгэл ажлыг хангах, сонгогчийн санал авах ажлыг зохион байгуулах, тэдгээрийг мэдээллээр хангах, сонгуулийн явцад цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм баримтлах талаар танилцуулсан байна. Үүнээс гадна сонгуулийн автоматжуулсан систем, техник, тоног төхөөрөмжийг ажиллуулах зааварчилгаа өгсний зэрэгцээ санал авах байранд байрлуулах хяналтын камерыг хэрхэн суурилуулах, мэдээллийг хэрхэн хадгалах, ашиглах талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, дадлагын ажил хийлгэжээ.
Сонгуулийн хороодын ажилтнууд, мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүн, даамлуудыг сонгууль бүрийн өмнө заавал сургалтад хамруулдаг. Энэ удаа сонгуулиар ажиллах 1400 орчим, мэдээллийн технологийн баг, даамлаар ажиллах төрийн 180 гаруй албан хаагчийг сурган, гэрчилгээ олгосон байна.