Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газраас Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлжээ. УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуульд улс төрийн есөн нам, нэг эвсэл, гурван иргэн оролцохоор Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлсэн юм.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.8-д “Ээлжит бус, нөхөн сонгуулиар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөр болон энэ хуулийн 26.3.6, 26.4.6-д заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ” хэмээн заасан. Үүний дагуу Үндэсний аудитын газар МАН, АН, Үнэн ба зөв нам, ШИНЭН, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, “Зөв хүн-Электорат” эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхын засаглал нам, ИЗНН-аас нэр дэвшигчид болон бие даан өрсөлдөх хүмүүсийн мөрийн хөтөлбөрт аудит хийж, дүгнэлт гаргасан байна. Төрийн аудитын байгууллага эдгээрийг хянахдаа холбогдох стандартуудыг удирдлага болгон УИХ-ын сонгуулийн, Төрийн аудитын болон Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, бусад хууль тайлан, судалгаа, мэдээллийг шалгуур болгосон аж.
Бэлтгэсэн У.Наран