“ДЦС-3” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Ч.Чинбатад холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж НПГ-ын хяналтын прокурорт хүргүүлжээ. Түүний албан өрөөнд болон гэрт нь өнгөрсөн долдугаар сарын 30-нд хууль сахиулагчид нэгжлэг хийж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатуулсан юм. Улмаар яллагдагчаар тооцон 30 хоног цагдан хорих санал шүүхэд хүргүүлсэн ч шүүгч батлан даалтад өгсөн. Ч.Чинбатыг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцсон бөгөөд эрх мэдлээ урвуулж Б.Баттулга эзэнтэй “Содон Номин констракшн” ХХК-д давуу байдал олгон тендерт шалгаруулж, үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байхад санхүүжилтийг нь бүрэн олгосон гэх үндэслэлээр буруутгасан аж.
Энэ хэрэгт холбогдуулан Экологийн цагдаагийн албанд эрх бүхий албан тушаал хашдаг хурандаа цолтой нэг хүнийг шалгасан бөгөөд тэрбээр “ДЦС-3” ТӨХК-ийн захирал асан Ч.Чинбаттай багын найз юм байна.
Бэлтгэсэн Г.Равжаа