Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн Задгай гэх газарт өчигдөр нийтийн орон сууц шатжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь эрэн хайх, аврах бүлэг, мөн Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид дуудлага мэдээллийг 09.02 цагт хүлээн авсан байна. Дуудлагаар очих газар 145 км буюу нэлээд зайтай байсан гэнэ. Гэвч шуурхай очиж, 13 айлын 25х16 метрийн хэмжээтэй барилга шатаж байсныг 1 цаг 40 минут ажиллаж унтраасан байна. Өөрөөр хэлбэл, дүрэлзсэн их гал өөр байр, байгууламж руу гал авалцаж, илүү их хохирол учрахаас сэргийлж чаджээ. Гэвч хүйтний ам наашилсан үед тухайн байранд аж төрж байсан олон өрх орох оронгүй үлдэв. Цагдаа, онцгой байдлынхан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.