Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ээр амь зуугчдын холбооноос НИТХ, Засаг дарга болон НИТХ-ын дэргэдэх дэд хороонд хандаж, шаардлага ирүүлсэн байна. Тус шаардлагад “Улаанбаатар хотод ТҮЦ ажиллуулахад холбогдох дүрэм, журам тодорхойгүй байдгаас хүндрэл учирч байгаа тул дүрэм, журмыг цэгцэлж өгнө үү” гэжээ.
Одоогоор ТҮЦ ажиллуулахад чиглэсэн хүчин төгөлдөр хууль байхгүй. ТҮЦ ажиллуулж буй хүмүүс НИТХ-аар баталсан “Худалдаа үйлчилгээний нийтлэг журам”, “Нийслэлийн нутаг дэвсгэрт ТҮЦ ажиллуулах журам”-ын хүрээнд ажиллаж байгаа ч эдгээр нь ХЗДХЯ-ны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй учир журмуудыг хэрэгжүүлэхэд хүндрэл учирч эхэлжээ.
Цаашид дээрх хоёр журмыг шинээр батлан, 2022 оноос хэрэгжиж эхлэх хуулиудтай уялдуулан зохицуулж, худалдаа үйлчилгээ эрхлэх боломжоор хангаж өгөхийг хүссэн байна. Иймд НИТХ-ын тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт ТҮЦ эрхлэх асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг” байгуулахаар шийдлээ.