ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өнөөдөр өөрийн хүсэлтээр ажлаа өглөө. Учир нь ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандаж, ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй хугацааны цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасныг шүүх бүхэлд нь хангасан юм. Өөрөөр хэлбэл, шүүх хуралд Д.Нямхүү ялалт байгуулсан. Тиймээс салбарынх нь яамнаас түүнийг ажилд нь эргүүлэн томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлж буй бололтой. 2021 он гарсаар ХӨСҮТ-ийн захирлыг гурвантаа сольж байна. Нэгдүгээр сард ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүүг тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан чөлөөлсөн. Түүний оронд Д.Наранзул ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Улмаар 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Л.Баттөрийг ХӨСҮТ-ийн захирлаар томилсон билээ.