"Токио-2020" зуны олимпод оролцож, ОХУ-ын тамирчинд тун эргэлзээтэйгээр ялагдсан Гавьяат тамирчин Э.Цэндбаатар урд шөнө бусдад зодуулсан хэмээн цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Хохирогчийн өгсөн мэдүүлгээр хүнд жингийн боксын тамирчин Д.Идэрбат, Ц.Мөнхчулуун нар түүнийг зодсон гэнэ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Монголын боксын холбооны бага хурал өчигдөр буюу есдүгээр сарын 5-нд МАН-ын төв байр болох Тусгаар тогтнолын ордонд болсон. Уг үйл явдлын дараа тамирчид "New work" зоогийн газарт орсон гэнэ. Улмаар тухайн газарт зодоон болжээ. Болсон хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Э.Цэндбаатар бусдад зодуулсан гэх дуудлага мэдээлэл урд шөнө 02.27 цагт ирсэн. Гомдлын мөрөөр хэргийг шалгаж байна" гэх хариулт өглөө.