“Ковид-19” халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар танилцуулав. Тэд "Нийслэлийн хэмжээнд хүн амын 74.2 хувь нь I, 69.8 хувь нь II тунд хамрагдаад байна. Мөн 75.261 иргэн III тунд хамрагдсан нь нийт хүн амын таван хувь. Мөн 12-17 насны хүүхдүүдийн 86.6 хувь нь I, 70.4 хувь нь II тундаа хамрагдаад байгаа" гэх мэдээллийг өглөө. Дархлаажуулалтын явуулын дөрөв, суурин 57 цэгт 398 эмч, ажилтан өдөр бүр ажиллаж байна. Түүнчлэн коронавирусийн дельта хувилбар тархах өндөр эрсдэлтэй байгаа тул урьдчилсан төлөвлөлтүүдийг сайтар хийж, хүн хүчний нөөц бололцоог хангах шаардлагатай байгааг онцолжээ. Гурав дахь тунд хамрагдсанаар хүндээр өвдөх болон халдвар авах эрсдэл 10 гаруй хувиар буурч байгааг олон улсын судалгаа гарсан байна.