Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ үеэр гурван чиглэлээр 11 үүрэг, даалгавар өгөв. Тухайлбал, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, сургуулийн орчимд эцэг, эх, хүүхдүүдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Сургуулийн автобусны аюулгүй байдлыг сайтар хангах ажлын хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлэх, угаалга, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэх, техникийн аюулгүй байдлыг сайтар хангах, маршрут, чиглэл, хичээл эхлэх болон тарах цагуудад үйлчлэх цагийн хуваарь зэргийг эцэг, эхчүүдэд нь тогтмол мэдээлж ажиллахыг даалгав. Мөн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл болон есдүгээр сарын 15-наас эхлэн халаалт өгөх бэлтгэл ажлыг хангасан эсэх, хугацаандаа халаалтаа авч чадахгүй айл өрх, сургууль, цэцэрлэг байгаа эсэхийг албаныхнаас асуув. Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-ний гүйцэтгэх захирал Г.Баярсайхан “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил бүрэн дууссан. Есдүгээр сарын 15-наас орон сууц, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангах бэлтгэлийг бүрэн хангасан” гэх хариултыг өглөө. Мөн 10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх дулааны шугамын шинэчлэлийн ажил долдугаар сарын 5-нд эхэлсэн. Есдүгээр сарын 15 гэхэд бүх хэрэглэгчийг хэрэглээний халуун усаар хангах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Нийт ажлын 74 хувийг хийжээ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл, арга хэмжээний ойрын болон дунд хугацааны төлөвлөгөөг зохих журмын дагуу боловсруулах ажлын явц ямар байгааг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцуулав. Энэ хүрээнд нийтийн тээврийг уртасгасан цагаар буюу 05.30-00.00 цагийн хооронд зорчуулахаар Ч:2, Ч:5, Ч:7 гэсэн гурван чиглэлийг есдүгээр сарын 3-наас хойш туршилтаар явуулж эхэлжээ. Мөн төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах судалгааг эхлүүлсэн байна.
Ташрамд дурдахад, 532 тээврийн хэрэгсэл ашиглалтаас гарах тооцоог Нийтийн тээврийн үйлчилгээний газраас гаргажээ. Үүний дагуу хотын дарга Сангийн яам руу хүсэлт явуулж, Улаанбаатар хотын иргэдийн амь эрсдэхээс сэргийлж, энэ асуудлыг шийдэхийг үүрэг болгов. Мөн өнөөдрөөс 37 чиглэлд сургуулийн 37 автобус үйлчилгээнд явж эхэллээ.