Коронавирусийн улмаас хөл хорио тогтоосон, аж ахуйн нэгж, үйлчилгээний газруудын цагийг хязгаарласан журам баримталж буй нь бүхий л бизнес эрхлэгч ашиггүй ажиллах, улмаар үүдээ барих шалтгаан болсон. Өдгөө өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сулруулж, зах, дэлгүүр, үйлчилгээний төвүүд хэвийн горимоор үйл ажиллагаа явуулж буй ч бизнес эрхлэхэд бэрхшээлтэй болсныг хэлэх хүн цөөнгүй байна. Тухайлбал, томоохон зах, худалдааны төвөөр үйлчлүүлэгчид илт цөөрч, иргэд аль болох гадуур явахгүйгээр сонголт хийх, хүргэлтийн компаниар дамжуулан бараа, бүтээгдэхүүнээ авах сонирхолтой болжээ. Энэ талаар сонирхлоо.
“Хархорин” захад өнгөрсөн бямба гаргийн 17.00 цагийн үед очиход гадна талбай болон доторх барааны тасгуудад хүний хөдөлгөөн бага байлаа. Ялангуяа “Хархорин” худалдааны төвийн дөрөв, тавдугаар давхрын бэлэн хувцас борлуулдаг хэсэгт хүн маш цөөн байв. Долоон жил бэлэн хувцас зарж буй нэгэн “Жил бүрийн наймдугаар сарын дунд үеэс есдүгээр сарын эхний хагас бол бэлэн хувцас, гутал, цүнх зэргийг борлуулагчид хамгийн их орлого олдог үе. Ямар ч байсан 3-4 сарын ашгаа хийж болдог. Гэтэл энэ жил худалдан авагч тун цөөн байна. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар буурч, барааны үнэ өссөнөөс шалтгаалсан болов уу. Гэтэл барааны үнийг өсгөх, бүр илүү ч нэмэх нөхцөл үүссэн. Тухайлбал, нэг “гахай” ачааг Эрээнээс Улаанбаатар хүргүүлэх тээврийн зардалд бид жилийн өмнө 200 000 төгрөг төлж байсан бол өдгөө 500 000 болсон. Цаашид ч нэмэгдэх магадлалтай гэсэн. Мөн 10 орчим ам метр талбайн түрээсэнд сард 920 000 төгрөг төлдөг. Түүнчлэн иргэд замын түгжрэл, коронавирусийн тархалт зэргээс болгоомжлон аль болох гэрээсээ гарахгүй байхыг хичээх болсон нь өндөр түрээс төлж, өдөржин үйлчлүүлэгч хүлээн зогсдог хүмүүст наймаа хийхэд улам хүнд боллоо” хэмээн ярив. Нэмж хэлэхэд, нийслэл хот дотор хүргэлтийн үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн тоо албан бусаар хоёр жилийн дотор 60 орчим хувиар нэмэгдэн, хүргэлт, шуудангийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахаар бүртгүүлсэн этгээдийн тоо ч 50 гаруй хувиар өссөнийг Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээнээс харж болохоор байна.
Дээрх захын гадна талбайд гэрийн мод, модон эдлэл, эсгий зэргийг борлуулдаг павильон бий. Хурим найрын улирал эхэлж, гэрт амьдардаг айлууд түүнийгээ сэлбэн, өвөлжилтөд бэлтгэдэг энэ үед хувцас зардаг хүмүүсийг бодвол наймаачид нь зав муутай, хөл ихтэй байв. Гэхдээ мод, модон материалын үнэ нэлээд өссөн нь үйлчлүүлэгчдэд таалагдахгүй байгаа нь илт. Гэр худалдан авахаар Налайх дүүргээс ирсэн Д.Балжинням “Таван ханатай, шалтай, дан бүрээстэй гэрийн үнэ 4.5 сая төгрөгөөс давжээ. Өнгөрсөн намар гурван сая орчим байсан юм. Унь, хана, гэрийн цагаан бүрээс, туурга, эсгий зэрэг гэрт шаардлагатай бүх зүйлийн үнэ жилийн дотор бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Зуух, яндан, галын хайч нийлээд 300 000 төгрөгөөс илүү гарсан нь бас л нэлээд өссөн үнэ” гэлээ. Гэрийн мод, бусад материал болон төмөр эдлэлийн үнэ яагаад өссөн талаар борлуулагч нь “Гэрийн брезент, бүрээс болон бүслүүр оёх даавуун материал, гялгар уут зэргийг ачсан нэг чингэлэг ачааг бид жилийн өмнө зургаан сая төгрөг төлж авч байв. Тэгвэл өдгөө 20 саяыг төлж буй. Даавуу болон бусад материалын үнэ урд хөршид огт өсөөгүй. Харин ч их хэмжээгээр авбал илүү хямдруулж байна лээ. Гэтэл ачаа тээврийн зардал хэд дахин өсчихөөр бид барааныхаа үнийг нэмэлгүй яах билээ” гэв.
Сар бүрийн статистик тайлангаас бид хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг хардаг. Гэтэл бэлэн хувцас, үйлчилгээний зардал, цахилгаан бараа, гэрийн мод, үл хөдлөх хөрөнгийн үнэ ч тогтмол нэмэгдэж байгаа талаар ийнхүү олон жишээ дурдах нь. Тухайлбал, нэг км зайд таксигаар үйлчлүүлбэл сарын өмнө 1000 төгрөг байсан бол өдгөө 1200-1500 болж. Такси үйлчилгээ эрхлэгч нэгэн “Шатахууны үнэ долдугаар сарын эхэнд 300 төгрөгөөр өсөхөд бид үнээ нэмээгүй. Харин сарын дараа ахиад 300-гаар нэмэгдэхэд бид км тутам 1500 төгрөг авч эхэлсэн. Хотын зам түгжрэл ихтэй, таксигаар орлого олох улам хэцүү боллоо” гэв.
Тэгвэл хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн долдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 7.4, энэ оны эхнээс 8.4, зургадугаар сарынхаас 1.3 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Инфляц 7.4 хувиар өсөхөд мах, махан бүтээгдэхүүний үнэ дүнгээрээ 16, хүнсний бараа, ундаа, усны бүлгийнх 11.2, согтууруулах болон бусад ундаа, усны үнэ 3.4 хувиар нэмэгдсэн нь түлхүү нөлөөлсөн гэнэ. Харин өмнөх оны эцсийнхээс 8.4 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны үнэ 15.8, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийнх 14.1, тээврийн бүлгийнх 12.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Эндээс харахад нэг жилийн өмнө 10 000 төгрөгөөр борлуулж байсан бүтээгдэхүүн өдгөө 10 750-11 600, 100 000 төгрөгөөр зарж байсан зүйлс 107 500-111 600 болох учиртай. Түүнчлэн нэг литр нь 100 төгрөгөөр нэмэгдэхэд нэг км зайд зарцуулах түлшний үнэ нь 10 төгрөгөөр өсөх боломжтойг ч Үндэсний статисикийн хороо дурдаж байсан. Гэтэл жилийн хугацаанд дээр дурдсан бараа, үйлчилгээний үнэ 50 хувиас хоёр дахин нэмэгдчихээд байгааг тайлбарлах хүн олдохгүй нь. Монголын банкны холбооныхон инфляц өсөж буй ч валютын ханш тогтвортой, гадаад валютын албан нөөцийн хэмжээ багасаагүй нь эдийн засагт үүсэх сөрөг нөлөөг бууруулна гэж тайландаа бичжээ. Тэгвэл Засгийн газраас Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд ачаа тээвэрлэхдээ хэт өндөр үнэ тогтоодог байдлыг журамлан, үнэ хөөрөгдсөн жолооч нарыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх бодлого баримталж буйгаа мэдээлсэн. Гэсэн ч шатахууны үнэ, тээврийн зардал нэмэгдсэн болон хилээр бараа, бүтээгдэхүүн хангалттай хэмжээгээр нэвтрүүлэхгүй байгаа зэрэг нь худалдаачин, худалдан авагч аль ч талыг туйлдуулж байгаа нь илт. Мөн нэгэнт үнээ нэмсэн бараа, үйлчилгээний ханш шатахууны үнэ буурч, тээврийн зардал тогтворжсон ч эргэж хямдардаггүй жишиг тогтжээ.