Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн 2021 оны эхний хагас жилийн байдлаарх тайлан гаргаснаа Санхүүгийн зохицуулах хорооноос баасан гарагт мэдээлэв. Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага болон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч нараас зайны хяналт шалгалтын хүрээнд ирүүлбэл зохих мэдээний дагуу тайлан гаргасан аж. Энэ оны хагас жилийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 205 хуулийн этгээдэд олгожээ. Тэдгээр зуучлалын байгууллага 226 брокер, 1255 агенттай үйл ажиллагаа эрхлэхээр дээрх хороонд бүртгүүлээд байна. Сонирхуулахад, 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын тоо 103, дараагийн улиралд нь 140, дөрөвдүгээр улиралд 167 байсан бол энэ жилийн эхний улиралд 185-д хүрээд байв. Дээрх байгууллагуудын мэдээллээс харвал орон сууцын үнэ Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн жилийнхээс 25, Сонгинохайрханд 15, Хан-Уулд найм, Баянгол болон Баянзүрхэд нэг хувиар өсжээ.
Тэгвэл мөн үеийн байдлаар нийт 459 иргэн, хуулийн этгээдэд үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоод байв. Өнгөрсөн 1-6 дугаар сард ийм зөвшөөрлийг найман хуулийн этгээд, 20 иргэнд өгсөн аж. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн олонх буюу 74 хувь нь Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж буй гэнэ.