Нийслэлийн хэмжээнд жилд 600 000 орчим тонн сайжруулсан түлш хэрэглэдэг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн байдлаар 32 000 тонн түлш нөөцөлснөө “Тавантолгой түлш” компаниас мэдээллээ. Улмаар энэ сарын 15 гэхэд хэмжээг нь 50 000 тоннд хүргэх нь. Сонгинхайрхан дүүрэг дэх дээрх компанийн үйлдвэр хэвийн ажиллан, одоогоор өдөрт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж. Харин Налайх дүүрэгт барьж буй үйлдвэрийг есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд өдөрт үйлдвэрлэх түлшний хэмжээ дээр дурдсанаас хоёр дахин нэмэгдэх боломжтой гэнэ.
Хилээр бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлэх нь удааширсан ч “Сайн” түлшний барьцалдуулагчийг тасалдуулалгүй урд хөршөөс татан, Өмнөговиос нүүрс тээвэрлэх ажил ч хэвийн үргэлжилж байна. Энэ жил Улаанбаатарт 600 цэгт сайжруулсан түлш борлуулагч сонгон ажиллуулах шалгаруулалт явуулж, аравдугаар сарын 1-нээс худалдаж эхлэх нь.