Шинээр үүсгэн бий болгож буй биржийн бус зах зээлд гурван компанийн таван бондыг бүртгэж, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт анхдагч зах зээ лээс 16.5 тэрбум төгрөг татан төвлөрүүллээ. Өөрөөр хэлбэл, санал болгосон бондоо бүгдийг нь борлуулсан гэсэн үг. Тус зах зээлд өнгөрсөн сарын 17-нд үнэт цаас бүртгүүлэх анхны хүсэлт ирүүлжээ. Улмаар Бүртгэлийн хороо 18, 20-нд хуралдаж, Биржийн бус зах зээлийн ерөнхий журмын 3.7.1, Биржийн бус зах зээлийн үнэт цаасны бүртгэлийн журмын 2.8-д заасныг үндэслэн “Монкон констракшн” компанийн “Монкон бонд”-ыг бүртгэсэн. Уг бондын андеррайтераар “Голомт капитал” компани ажиллажээ.
“Монкон констракшн” компани “Монкон бонд”-ыг гаргаж, хаалттай хүрээнд хөрөнгө оруулагчдаас 15 тэрбумыг босгохоор төлөвлөсөн. Уг бондыг ХААН банкны баталгаатай нэг тэрбум төгрөгийн 13 хувийн хүүтэй, хувьцаа барьцаалсан дөрвөн тэрбумын дүнтэй 14.5 хувийн хүүтэй, орлого барьцаалсан 10 тэрбум төгрөгийн 15 хувийн хүүтэй гэсэн гурван төрлөөр гаргажээ. Татан төвлөрүүлсэн хөрөнгийг үнэт цаас гаргагч нь өөрийн хэрэгжүүлж буй барилгын төсөлд зарцуулах юм байна.
Түүнчлэн биржийн бус зах зээлийн Бүртгэлийн хорооны энэ сарын 1-ний хурлаар хоёр үнэт цаас гаргах хүсэлттэй танилцан зөвшөөрчээ. “Гэрэл финанс ББСБ” компанийн гаргаж буй нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн хугацаатай, 16.5 хувийн хүүтэй, 500 сая төгрөгийн үнийн дүн бүхий бондыг “Апекс капитал” компани андеррайтераар ажиллан гаргажээ. Мөн “Бизнес инвест девелопмент ББСБ”-ын 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн хугацаатай, 13 хувийн хүүтэй, нэг тэрбум төгрөгийн өрийн хэрэгслийг арилжжээ. Андеррайтераар нь “Өлзий энд ко капитал” компани ажилласан байна.