ҮАБЗ өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийн талаар танилцуулжээ. Үүнд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулахаар тусгасан байна. Мөн төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх заалт бий аж. ҮАБЗ уг төслийг дэмжжээ. Үргэлжлүүлэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ТӨК, ТӨҮГ-уудын засаглалыг сайжруулах талаар Ерөнхий сайдад танилцуулав. Өнөөдрийн байдлаар 106 ТӨҮГ, компанид 54 мянган ажилтан, албан хаагч ажиллаж байна. Эдгээрийн 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байгаагийн дийлэнх нь эрчим хүчний салбарынх гэнэ. Үүнээс гадна орон нутгийн өмчит 275 компанид 18 мянган ажилтан, албан хаагч ажилладаг. Төрийн өмчит компаниудыг үйл ажиллагааных нь чиглэлээр нэгтгээд, корпорац болгох саналыг тус газраас гаргаж буй аж. Ингэснээр тусдаа үйл ажиллагаа явуулж байсан газруудыг төвлөрүүлж, нэг газар нь бодлогоо зангидах юм. Үүний тулд хувьцаа эзэмшигчийн эрхийг төвлөрүүлэх, хэрэгжүүлэх, салбарын яамдын оролцоог хангасан бүтэцтэй байх, хөрөнгийн болон хүний нөөцийн оновчтой менежмент хийх, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцох боломжийг хангах шаардлагатайг ч мөн хэллээ. 2011 онд төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд хоёр их наяд төгрөгийн орлоготой байсан бол 2021 онд 10 их наяд болж нэмэгджээ. Орлого нэмэгдсэн ч зардал дагаад өссөнийг албаныхан хэлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бидэнд өнөөдөр үгүйлэгдэж байгаа зүйл нь хяналт, аудит. Түүнээс биш газрыг корпорац болгож өргөжүүлснээр асуудлыг шийдэхгүй. Төрийн өмчийн компаниуд алдагдалгүй ажиллах нь чухал” гээд орон нутгийн болон төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын засаглалыг сайжруулж, ашигтай ажиллуулах талаар төлөвлөгөө боловруулж, энэ долоо хоногт танилцуулах үүрэг өглөө. Мөн төрийн мэдлийн аж ахуйн нэгжүүдээс аль салбарынхыг нь хувьчилбал ашигтай байх талаар судлахыг даалгав.
Түүнчлэн энэ өдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Засгийн газрын тэргүүнд танилцуулсан байна. Яам харьяа газруудаасаа санал авч нэгтгэж буй аж.
Бэлтгэсэн Б.Уран