Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнын эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдаанд цахимаар оролцож, үг хэлэв. 2015 оноос эхлэн зургаан удаа зохион байгуулагдаж буй эл чуулга уулзалтад Монгол Улс Төрийн тэргүүний түвшинд дөрөв дэхээ оролцож байгаа нь энэ. “Хувьсан өөрчлөгдөж буй ертөнц дэх Алс Дорнодын шинэ боломж” сэдэвт энэ удаагийн чуулганд хэлсэн үгэндээ тэрбээр “Энэ онд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой тохиож байгаа. Түүхэн баялаг замыг туулсан манай хоёр улсын бүх талын хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн агуулгаар цаашид улам баяжин бэхжиж, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулна гэж үзэж байна. Манай улсын мөнхийн хоёр хөрш болох ОХУ болон БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэх нь Монголын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл билээ. Ард түмнүүдийн найрамдал, харилцан ойлголцолд суурилсан бидний түншлэл “Ковид-19” цар тахлын амаргүй нөхцөл байдлыг үл харгалзан бүх салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгааг цохон тэмдэглэх нь зүйтэй юм. ОХУ-ын “Их Евразийн түншлэл” болон БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг Монгол Улс анхнаасаа дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч эрчимтэй хамтран ажиллах, нэн ялангуяа манай бүс нутгийг хамарсан дэд бүтэц, ногоон хөгжил, байгаль экологийн доройтлыг сэргээх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдэд оролцох хүсэлтэй байдаг. Монгол Улс эдийн засгаа сэргээх хүрээнд өнгөрсөн онд баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлан уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэл, тээвэр ложистик, бүтээлч үйлдвэрлэл, мэдээллийн технологийн салбарыг тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, онцгойлон дэмжиж байна. Үүний хүрээнд Алс Дорнод болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай хамтран ажиллахад баяртай байх болно” гээд Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилт тавьж буйгаа тэмдэглэв.
Үргэлжлүүлэн эдийн засгийн өнөөгийн байдал, үзүүлэлтийн талаар дурдаад, “Владивосток хот дахь манай Худалдааны төлөөлөгчийн газар нь Монгол Улсын Алс Дорнодын бүс нутаг дахь худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн тэлэх, дэлхий, тэр дундаа Зүүн болон Зүүн өмнөд Азийн улс орнуудад бараа, бүтээгдэхүүнээ усан замаар экспортлох, импортлох, хөрөнгө оруулалт татах, бүс нутаг дахь зах зээлийн судалгааг хийх болно. Монгол Улс нь Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар судалж байна. Гадаад худалдаанд тулгарч буй хориг саадыг багасгах, манай улсаас бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалд оролцох оролцоонд ийм төрлийн хэлэлцээр чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж бид үзэж буй” хэмээгээд Алс Дорнодын эдийн засгийн харилцааны чиглэлээр Орос, Монгол, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах тухай хөтөлбөрийн талаар дурдлаа. Ингэхдээ “Ази, Европыг холбосон хамгийн дөт авто зам, төмөр замын замнал нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг. Иймд Орос-Хятад, Ази-Европын хоорондох худалдаа, бараа, бүтээгдэхүүний эргэлт нэмэгдэж байгаа өнөө үед Монгол Улсын газар зүйн таатай байршлыг ашиглан худалдаа, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал бий болгох нь бүс нутгийн хамтын ажиллагаанд эергээр нөлөөлнө гэж үзэж байна. Монгол Улс худалдааг хөнгөвчлөх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр тууштай, нээлттэй бодлого барьж, үүний хүрээнд шинэ төмөр замын сүлжээ барих, авто замынхыг өргөжүүлэх, олон улсын нисэх онгоцны буудал, бүс нутгийн тээвэр, ложистикийн төв барих зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажил эхлүүлээд байна. Цаашид “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, Өвөрбайгалын хязгаараас Монгол Улсын дорнод хэсгээр дайруулан БНХАУ-тай холбогдох төмөр замын зүүн коридор барих, Тува Улсаас Монгол Улсын баруун хэсгээр дайруулан БНХАУ-тай холбогдох төмөр замын баруун коридор барих, мөн гурван улсыг холбосон хурдны авто зам барих зэрэг эдийн засгийн үр ашигтай, стратегийн бүтээн байгуулалтын ажлыг яаравчлах хэрэгтэй байна” гээд эдгээр төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улс хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийллээ.
Мөн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллаж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал болохыг тэмдэглээд, “Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний хэрэглээг хангах, сэргээгдэх үйлдвэрлэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд бүсийн хэмжээнд хил дамнасан эрчим хүчний холболтыг хөгжүүлэх нь чухал байна. Хил дамнасан халдварт өвчний аюул занал улам бүр нэмэгдэж буй энэ цаг үед бүс нутгийн хамтын ажиллагааг өргөтгөх ажлын хүрээнд нэн тэргүүнд мэдээллээ шуурхай солилцох механизмыг боловсронгуй болгох, харилцан туршлагаа хуваалцах нь ирээдүйн цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах бэлэн байдлын чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэв.