Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар өчигдөр бороо, уулархаг нутгаар нойтон цас орлоо. Өнгөрсөн шөнө Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр хөрсөн дээр 0-5 градус хүйтрэв. Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан энэ сарын цаг агаарын төлөв байдлын урьдчилсан мэдээгээр есдүгээр сард манай орны нийт нутгийн ихэнх хэсгээр харьцангуй дулаан байх аж.
Баруун аймгуудаар агаарын дундаж температур Увс аймаг, Завханы баруун, Ховдын зүүн хойд, Говь-Алтайн баруун хойд хэсгээс бусад нутагт олон жилийн дунджаас дулаан байх юм байна. Нэр дурдсан хэсэгт олон жилийн дунджийн орчим байх гэнэ.
Төвийн аймгуудын тухайд Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутгаас бусад хэсэгт олон жилийн дунджаас дулаан, хур тунадас дунджийн хэртэй орох аж. Зүүн аймгуудад агаарын дундаж температур ихэнх нутагт хэвийн байх бол Сүхбаатарт хур тунадас ахиу орох төлөвтэй. Говийн аймгуудад дулаан, хур тунадас Өмнөговь, Дорноговьт харьцангуй их, бусад нутгаар олон жилийн дундаж орчим байх нь. Сарын нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадастай. Салхи түр зуур ширүүсэж, зарим үед секундэд 18- 20 метр хүрч болзошгүй аж. Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс есдүгээр сарын сүүлийн хагаст хур тунадас харьцангуй бага байх учир тариаланчид ургацаа хураахад тохиромжтой хэмээн зөвлөмждөө дурджээ.
Бэлтгэсэн Р.Жаргал