Улаанбаатар хотын иргэдийн олонх нь нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлдэг. Олон нийтийн тээврээр огт үйлчлүүлдэггүй хүн бараг үгүй болов уу. Гэхдээ энэ бол зөвхөн жирийн иргэдэд хамаатай “статистик”. Дарга, сайд нарын хувьд автобусаар үйлчлүүлдэг гэвэл үлгэр байх. Ялангуяа энэ салбартай холбоотой дарга, сайд, албан тушаалтан, хариуцлагатай мэргэжилтнүүд нийтийн тээврийн автобусанд суудаггүй нь тун тодорхой.
Автобусаар хөл дүүжилдэг, байг гэхэд сардаа хэдэн удаа үйлчлүүлчихдэг бол өнөөдөр нийслэлийн нийтийн тээвэрт сэг болсон “төмөр” явуулахгүй биз. Хэрэв тэд нийтийн тээврээр өдөр бүр үйлчлүүлдэг бол автобуснуудын техникийн аюулгүй байдал, ариутгал, цэвэрлэгээний асуудал, жолооч нарынх нь бүдүүлэг, балмад, зоргоороо загнадгийг эрх биш гадарлах учиртай. Иргэд энэ талаар ямар санал, бодолтойг ч мэдэх ёстой. Харамсалтай нь, энэ талаар мэдэх нь бүү хэл, гадарлах хүн нэг ч алга. Нийтийн тээврийн автобусны үйлчилгээний дүр төрх үүнийг нь бэлхнээ харуулж байна. Хэрэв энэ талаар эсэргүүцэл илэрхийлж “Би салбарынхаа, хариуцсан ажлаа сайн мэддэг” гэж заргалдах хүн байвал эхлээд “Та бүхэн яагаад эвдэрхий автобус үйлчилгээнд гаргаж иргэдийн амь, эрүүл мэндийг эрсдэлд оруулаад байна вэ. Яагаад бохир автобус, бүдүүлэг жолооч нарынхаа асуудлыг шийдэж, хариуцлага тоооцохгүй орхидог юм бэ” зэргээр хөврөх асуултад хариулна уу.
ЖОЛООЧ НАР ТЕХНИКЭЭСЭЭ АЙЖ БАЙНА
Нийслэлийн авто замуудад байсхийгээд л автобус шатдаг явдал ердийн үзэгдэл болсон. “Үйлчилгээнд явж байсан автобус шатжээ. Золоор хүн бэртэж, гэмтээгүй, ослын шалтгааныг тогтоохоор мэргэжлийн байгууллагынхан ажиллаж байна” гэсэн мэдээнд дасал болж байх шиг. Угтаа бол аюулгүй байдал хангаагүй, бүрэн бус техник үйлчилгээнд гаргах нь гэмт хэрэг. Энэ утгаараа эвдэрхий, доголдолтой техникийг хөдөлгөөнд оруулахаар зөвшөөрсөн нь ч, түүнийг жолоодож байгаа нь ч гэмт хэрэгтэн гэсэн үг. Гэтэл өнөөдөр нийслэлд явж байгаа олон автобус ямар нэгэн “но”-той. Насжилт хэтэрсэн нь ч цөөнгүй. Сүүлийн үед автобусанд сууж яваад байнга шахам л “адал явдалтай” учрах болсноо иргэд ярьж байна. Энэ нь техникийн бүрэн бус байдлын зэрэгцээ жолоочийнх нь зоргоороо авираас ч үүдэлтэй.
Хэд хоногийн өмнө “Ч:58” чиглэлийн автобус хотын төвд, тодруулбал, Улсын их дэлгүүрийн буудлаас холгүй унтарчихлаа. Жолооч нь утсаар хэн нэгэнтэй ярьж, учир шалтгаанаа тайлбарласны дараа зорчигдод хандан “Дараагийн автобусанд шилжээд суугаарай” гэсэн боловч самбаачлан тэргээ “ухаж” янзлаад, ямар ч байсан цааш хөдлөв. Дараагийн буудал хүртэл азаар аюулгүй явсаар өөр нэгэн “Ч:58”-д зорчигчдоо шилжүүлсэн жолооч залуу бааз руугаа явлаа. Энэ удаа автобус эвдэрсэн гэх “хүндэтгэн” үзэх шалтгаантай учраас үйлчлүүлж явсан 10 гаруй хүн унтууцалгүй буув. Үүнээс эсрэгээрээ ямар ч шалтгаангүйгээр “Буу, арын тэргэнд суу” гэж тушаадаг жолооч олон байдгийг зорчигчид андахгүй. Тийм явдал ихэвчлэн оройн цагаар тохиолддог. Жолооч нарын хэлдгээр бол “Хүнээ өгчихөөд эртхэн харина” гэсэн үг.
Зайсангийн чиглэлд 42, 45, 52, 55, 65, 66, 72 дугаартай, улсын болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн автобуснууд үйлчилдэг. Өглөө, оройдоо автобусны буудалд байнга шахам таарч хамтдаа явдаг бидний хэсэг хүн өдөр бүр л нөгөө муу хөл дүүжилдэг унааныхаа талаар “онигоо” ярьдаг юм. Онигоо гэдэг нь угтаа бол автобус, түүнийг жолоодогч хоёрын талаарх “паакт”. Бид өдөр бүр ажил, гэрийн хооронд явахдаа эдгээрийн таарсанд нь суудаг болохоор “хэн нь хэн бэ” гэдгийг андахгүй шахам. “Ч:42”, “Ч:45” хамгийн хол эргэлттэй ч хүлээлгээд чирэгдүүлээд сүйд болохгүй ч өвөлдөө хөлдөөх шахна. “Ч:52” уг нь ойрын эргэлттэй ч тун ховор явдаг. Бас тэрэгнүүд нь хар утаагаар “унгаастай”, жолооч нар нь ерөнхийдөө зандрангуй. “11 дүгээр хороолол-Зайсан” чиглэлийн автобуснууд “шаламгай”, жолооч нар нь уралдах дуртай юм уу гэмээр, аймаар. Иргэдийн ярьснаар бол “уралдааны машин” аль ч чиглэлд олон бий. Хүн тээвэрлэхэд аюулгүй байдалд онцгой анхаарах ёстойг автобусны жолооч нар огт “мэддэггүй”. “Хөгжим бүжгийн коллеж-Богдхан амралт” гэсэн хаягтай, цэнхэр автобус бий, улсад харьяалдаг баазынх. Таарсан жолооч болгон нь техникийнхээ талаар гар утсаараа хэн нэгэнд, эсвэл өөр хоорондоо гомдлоостой. “Жолоо (руль) нь авч давхиад байна. Тоормос гишгэгдэхгүй зовоогоод, астаачир (стартер) асдаггүй, сэвчээ (свеча буюу очлуур) доголдлоо”. Эвдэрхий тэрэгнүүдтэй хэцүү юм, ингэж байгаад нэг юм болно шүү” л гэнэ. 60 орчим настай нэг жолоочтой замын түгжрэлд “найзлан” элдвийг ярилцлаа. Тэрбээр тухайн өдөр ээлжгүй байсан ч дуудагдсан гэнэ. Учир нь тэр тэрэгний жолоочийн цусны даралт ихсэж эмнэлэгт яаралтай хандах болжээ. Үүний шалтгаан нь “руль авч давхидаг” муу тэрэгнээс болж өглөөгүүр хоёр ч удаа осолдох шахсантай холбоотой аж. Энэ явдлаас хэдхэн өдрийн өмнө таарсан, улаан шаргал өнгөөр үсээ будсан, эмэгтэй жолооч тэрэгнийхээ юуг ч юм бэ холбох гэж байгаад цахилгаанд цохиулаад айж, сандарсан талаараа гар утсаараа нөгөө ээлжийн хүндээ хуучлав. Ер нь өдөр бүр шахам иймэрхүү гомдол бүхий “ховыг” жолооч нар хоорондоо солилцдог нь зорчигчдод бол содон зүйл биш. Харин “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга О.Ганбаатар энэ талаар мэддэггүй бололтой. Та автобуснуудынхаа бүрэн бүтэн байдлын талаар жолооч нараасаа санал асуулга авч, техникийн үзлэгээр оруулан, үнэн бодитой дүгнэлт гаргахгүй бол том осол болох эрсдэл өдөр бүр өндөр байгааг анхаарна уу.
Өнөөдөр нийслэлийн нийтийн тээвэрт 22 аж ахуйн нэгжийн 1000 орчим автобус 100-гаад чиглэлд үйлчилж байгааг албаныхан мэдээлсэн. Бүртгэлтэй нийт автобусаар нь тооцоолбол 1200 гэсэн статистик байна. Үүний 100-200 нь засвар, үйлчилгээ, нэмэлт төлөвлөлтөд байдаг талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын хэвлэлийн төлөөлөгч А.Оргилсайхан хэлэв. Түүний мэдээлснээр бол 2021-2022 онд нийт автобусны 40 орчим хувьд парк шинэчлэл хийхээр төлөвлөжээ. Өнгөрсөн долдугаар сард 35 шинэ, цахилгаан автобус үйлчилгээнд гаргасан гэнэ. Энэ оны сүүлчээр 280 орчим автобусны ашиглалтын хугацаа дуусах юм байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний газрынхны зөвлөсний дагуу автобуснуудын талаарх санал, гомдлоо 70044040 утсанд өгөөд, хариуг нь авна гэдэг нь үнэндээ бол үлгэр. Иргэдийн гомдлын дагуу арга хэмжээ авч, зохицуулах үүрэгтэй “утас авагч” нар нь “Автобус хоорондын хугацаа төчнөөн минут байх ёстой. Цайны цаг төд байх ёстой. Удахгүй ирэх ёстой” гэхчлэн ёс журмыг иргэдэд номлох ажил хийгээд уур бухимдлыг улам газар авхуулах нь гаслантай. Нийтийн тээврийнхний доголдлыг арилгуулах талаас нь ярьж байгаа зорчигчдын өөдөөс элдэв тайлбар тавих юм бол үргүй зардал болгон ийм ажлын байр гаргах хэрэг байна уу. Өдөр бүр хэдэн арваар тогтохгүй гомдол, санал энэ байгууллагын цахим хуудсанд “жагсаж” байна. Үүний мөрөөр ажил хийдэг, эсэх нь эргэлзээтэй. Нийслэлийн нийтийн тээврийн техникүүдийн ерөнхий дүр зураг нэг иймэрхүү. Бүрэн бус техникийг үйлчилгээнд гаргах нь гэмт хэрэг гэдгийг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагад дахин сануулъя. Түүнчлэн Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар таны ажил, албаны чиг үүрэгт нийтийн тээврийн асуудал хамаатайг мэддэг үү гэж асууя. Монгол Улсын зам тээврийн асуудал болгонд та санаа чилээх ёстой, энэ салбарын толгой механизм нь билээ. Сайдад онгоцны тээвэр нь л хамаардаг, газрынх нь хамаагүй мэт “тэнгэрлэг” загнахаа больж, иргэдийг аюулгүй тээврээр зорчуулах үндсэн үүргээ биелүүлнэ үү.
Бүрэн бус техникээр хүн тээвэрлэхдээ айж, ичдэггүй жолооч нарт хэлэхэд, ямар нэгэн осол болбол өөрөө буруутна, бас амь тань эрсдэлд орно гэдгийг ойлгох хэрэгтэй. Явж ядаад, эсвэл ухасхийн “тонгочих” автобусаа “Хий алдаад байгаа юм” гэж хээв нэг тайлбарлах жолооч та өөрийн болон бусдын амь, эрүүл мэндийг тээвэрлэгч гэдгээ санах учиртай. Ганцхан жишээ татахад, “Тэнүүн огоо” компанийнхан зорчигч тээврийн үйлчилгээнд бүрэн бус автобус гаргаснаас осолдож, жолооч нь хүнд гэмтсэн явдал өнгөрсөн оны зургадугаар сард болсон. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн XIX хорооны нутаг, Шадавлингийн замд тухайн автобус гэнэт тоормосгүй болсны улмаас хөдөлгөөнд оролцож байсан автомашин болон хоёр айлын хашаа, байшинг мөргөөд жалга руу орж зогссон. Жолооч нь хүнд гэмтэж ГССҮТ-д яаралтай хүргэгдсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад “Тэнүүн огоо” компанийнхны буруутай нь тогтоогдсон ч өдгөө хүртэл энэ хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байгаа талаар “Өнөөдөр” сонин мэдээлж байсан. Техникийн бүрэн бүтэн байдал нь алдагджээ, осол гарах аюултай гэдгийг тухайн жолооч үйлчилгээнд гарахаасаа өмнө удирдлагадаа хэлсэн ч инженер нь үл ойшоож “Хурдан гарч тойрогтоо ор, ажлаас зугтлаа” гэх зэргээр загнасан байдаг. Ийм хариуцлагагүй байдлын улмаас өнөөдөр жолооч эмэгтэй хохирчихоод байгаа юм. Ер нь “Тэнүүн огоо” ХХК-ийн автобуснуудын талаарх гомдол тасардаггүй. Дээрх ослыг шалгах явцад тус компанийн нэг инженер нь хуурамч дипломтойг ч тогтоосныг мартах ёсгүй.
Жолооч нар техникээсээ “айдаг” хэрнээ эвдэрхий автобустай үйлчилгээнд гарахгүй гэж удирдлагадаа хэлэхээс эмээдэг нь нэг талаар ажилгүй болохоос болгоомжилдогтой холбоотой байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ олон хүний амь тээж яваа хариуцлагатай ажил хийж байгаа та иргэний ухамсар гаргах ёстойг энэ ташрамд сануулъя.
ЗОРЧИГЧИД ЖОЛООЧООС АЙНА
Муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр эвдэрхий автобусаар айдастай үйлчлүүлэхийн зэрэгцээ эвгүй авиртай жолооч нараас гөлөлзөх зовлон бидэнд бас бий. Өнгөрсөн пүрэв гарагт “Цэцэг” төвийн буудалд зогсолгүй давхиж одсон “Нисэх-МУИС” гэсэн хаягтай автобусны араас хэд хэдэн хүн гүйлээ. Буудлаасаа хол зогсох, зогссон мэт дүр эсгэх, явж байх зууртаа хаалгаа онгойлгосноо гялс хаагаад “зугтах” зэргээр олон “мэхийн техник”-ийг манай автобусны жолооч нар гарамгай эзэмшсэнийг иргэд андахгүй учраас угтаж, эсвэл араас нь гүйх, хаалгыг нь тогших, дайруулахаас ч “үл эмээн” жолоочийн нүдэнд өртөх гэхчлэн сөрсөн “базаа” хийх нь энгийн үзэгдэл. Өдөр бүр, өглөө, оройгүй ийм л дүр зурагтай болоод удаж байгаа бөлгөө. “Нисээд” явчихсан өнөөх “Нисэх-МУИС”-ийг элдэж гүйнгээ элдвийг амандаа үглэх, урт үстэй, дунд эргэм насны эмэгтэй “Хогийн амьтан бэ” гэж хашхираад үлдэв. Удалгүй араас нь ирсэн “Ч:55” автобусны хамгийн урд талд суусан тэрбээр жолоочтой чанга ярилцсанаас нь үзвэл нийтийн тээврийн салбарт ажилладаг байсан гэнэ. Тэр эмэгтэй суух чиглэлийнхээ автобуснаас “гээгдсэн” талаараа ярив. Тэгж байтал замын түгжрэлээс болж бидний суусан автобус Төв шуудангийн урд талд өнөөх “нисгэгчтэй” зэрэгцэх шахам зогсох үед эмэгтэй жолоочоос гуйгаад буулаа. Самбаатай юм аа, тэрбээр өнөөх “Нисэх-МУИС”-ийн хаалгыг нүдэж байна. Тэгснээ жолоочийн талд очоод гараа савчин юм хэлэв. Удалгүй “нисгэгч” хаалгаа онгойлголоо. Ашгүй нэг ч гэсэн хүн зорьсон газартаа хүрэх унаандаа сууж чадсанд баярлан “Ч:55”-д сууж явсан хүмүүс алга ташихаас наагуур юм болов. Хөөрхий, нийслэл хотын иргэд бид нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ энэ мэтээр “ид шид” гаргадаг билээ.
ЦЭВЭРЛЭГЭЭ, ХАЛДВАР ХАМГААЛАЛ “БАЯРТАЙ”
Нийтийн тээврийн үйлчилгээнээс салгаж болохгүй нэн чухал асуудал нь цэвэрлэгээ, ариутгал, халдвар хамгаалал. Ялангуяа цар тахлын эрсдэлтэй нөхцөлд цэвэрлэгээ, ариутгал нэн чухал. Гэтэл өнөөдөр гар ариутгагч байршуулсан автобус тун цөөн байна. Жолоочийн бүхээг хэсгийг тусгаарласан хаалт бол бүр нүдний гэм болжээ. Жолооч нарыг эрсдэлээс хамгаалж жилийн өмнө “гялгар уутан” бүхээгийг шийдсэн ч удалгүй энд тэнд нь цоолж бэлэн мөнгө өгч, авалцдаг “цэг” болгочихсон. Өнөөдрийн хувьд жолоочийн хэсгийг тусгаарласан нь лав алга. Огтолж, огсойлгоод үлдээсэн хэсэг нь хир, тоосноос болоод сааралтан сэжиг хүрмээр харагдана. Жолоочид нь энэ тухай хэлээд ч нэмэргүй. Суудлын бүрээс, бариул бол тос даагаад хүрэхээс ч аймаар. Гэтэл Нийтийн тээврийн үйлчилгээний газрынхан “Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан нийтийн тээврийн салбарынхан зорчигчдын зайг бариулах, ариутгал, цэвэрлэгээ үйлчилгээний тал дээр онцгой анхаарч ажиллаж байна. Хуучирсан автобус шороон замаар явахад тоос шороо ихээр хуримтлагдах, бохирдох зэрэг асуудал бий. Хэдий тийм ч цэвэрхэн байлгахад анхаарч нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавьж, өдөрт 2-3 удаа нойтон цэвэрлэгээ хийлгэдэг” гэж бодит байдалтай огт нийцэхгүй зүйл ярьж сууна.
Дэлхийн жишгээр бол нийтийн тээврийн үйлчилгээний соёлыг аюулгүй, найдвартай, шуурхай, цэвэр орчин гэж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, юуны түрүүнд аюулгүй, эрүүл орчинд үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг. Гэтэл Монголын нийтийн тээвэрт үүнээс эсрэг тогтолцоо бий гэхэд хилсдэхгүй. Автобусных нь орчин бохир байгаа нь багадсан мэт жолооч нар зорчигчдыг тамхины утаагаараа хордуулахдаа айж, ичнэ гэсэн ойлголтгүй. Энэ талаар гомдол гаргаад ч өөрчлөлт алга. Хэвлэл, мэдээллийнхэн нийтийн зорчигч тээврийн унааны үйлчилгээ, жолооч нарын ёс зүй, харилцаа, соёлын талаар байнга л хөнддөг. Хүн тээвэрлэж яваа жолооч утсаар ярьдаг, бохир заваан, бүр цээж нүцгэн шахам явдаг, бүхээгтээ тамхи татдаг, зорчигчдыг хурдан сууж, буухыг тушаадаг, иргэдийг загнадаг, хэгжүүрхдэг талаар бичээд, яриад байхад л өөрчлөлт гарахгүй болохоор энэ салбарынхныг “дархлагдсан хүмүүс” гэж ойлгоход хүргэж байна. Энэ мэтээр нийтийн тээврийн салбарт улиг болсон, бугшсан асуудлыг хариуцдаг мэргэжилтэн, дарга, даамлуудад нь дахин уламжилъя. Улаанбаатар хотын захирагчид энэ асуудал илүүтэй хамаатайг хэлүүлэх юун.
Нөгөөтээгүүр, нийтийн тээврийн соёлтой, боловсон үйлчилгээг хүсдэг хүн бүрт энэ асуудал хамаатай учраас иргэд зөв, шударга шаардлага тавьж, нэгнээ хүндэлж сурах хэрэгтэй байна. Автобусны орж, гардаг хаалгаа ялгахгүй дайрдаг зорчигч, нийтийн тээврийн унааны зогсоолыг түрэмгийлэн машинаа байрлуулдаг “халтуурчид”, жолоочид шаардлага тавихаас төвөгшөөдөг, амиа боддог үйлчлүүлэгч гээд ерөөс энэ салбартай ямар нэгэн байдлаар холбогдох бүх хүн харилцан хүндлэлтэй, хариуцлагатай хандъя. Хөгжил, дэвшил хариуцлагаас л эхэлдэг юм. Япончууд хөгжлийг сэтгэлээс эхэлнэ гэж тодотгодог юм билээ.
Бэлтгэсэн Ж.Эрдэнэ