Цэргийн дарга хугацаат цэргийн алба хаагчийг зодож, амийг хохироосон хэрэг энэ оны гуравдугаар сард гарсан. Бүр тодруулбал, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга, дэслэгч Д.Гялбуужамц согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч, байлдагч Б -г зодож, үхэлд хүргэсэн. Цэргийг Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэж, эмч нар тархинд нь цус харвасан хэмээн оношилж, эмчилж байсан ч хохирогч ухаангүй оролгүй нас барсан. Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн уг хэргийг шалгаж, прокурор яллах дүгнэлт үйлдэж дуусжээ. Улмаар хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Гэхдээ хэргийг шүүн хэлэлцэх шүүгч ээлжийн амралттай гэнэ. Тиймээс шүүх хурлын тов хараахан гараагүй байгаа аж.