Ерөнхийлөгч “Цэргийн цол олгох журам”, “Дээд офицерийн албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл”-ийг шинэчлэн батлуулах үүрэг өгөөд удаагүй байна. Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатараар ахлуулсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад цэргийн цол олгох журмын хэрэгжилтэд мониторинг хийх дэд ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийнхэн өнөөдөр /2021.09.02/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллалаа.
Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Д.Дамдинцэрэн, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Батбямба, Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн дарга, хурандаа Ц.Очгэрэл нар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад цэргийн цол олгох журмын хэрэгжилт, цэргийн цолны зохистой харьцааны талаар болон бусад холбогдох судалгаа, мэдээллийг дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд танилцууллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төрийн цэргийн байгуулалд хамааруулах үндэслэл шаардлагын талаар судалгаанд суурилсан санал боловсруулж, үндсэн ажлын хэсэгт танилцуулахаар тогтсон юм. Түүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа, Ж.Болдбаатар, Батлан хамгаалах яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын хуулийн хэлтсийн дарга Г.Энхболд, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албаны дарга Т.Мөнхбаяр нарыг хүлээн авч уулзаж, санал солилцов.
“Цэргийн цол олгох журам”, “Дээд офицерийн албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл”-ийг шинэчлэн батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаяр, орлогч даргаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо болон хууль сахиулах байгууллагуудын албаны бусад төлөөллүүд оролцон ажиллаж байна.