Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх 2021 оны наймдугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд уг хуулийн дагуу гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийт 1897 ялтныг өршөөн хэлтрүүлж, 5.1-5.3 дугаар зүйлд зааснаар 499 хүнд холбогдох 425 хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, 6.1-6.3 дахь хэсэгт зааснаар 602 ялтны эдлээгүй үлдсэн ялаас хоёр жилийг хассанаас 166 ялтан суллагджээ. Мөн тус хуулийн 7.1-7.3 дахь хэсэгт зааснаар 1061 ялтанд оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасаж, 8.1 дэх хэсэгт зааснаар 879 хүнд холбогдох 873 хэргийг өршөөн шийтгэлээс чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэнэ. Дээрх үзүүлэлтээр Өршөөл үзүүлэх тухай хуульд давхардсан тоогоор 4938 хүн хамрагджээ.
Хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн 253 хүний 160 буюу 63.3 хувь нь анх удаа, 50 буюу 19.8 хувь нь 2 дахь удаагаа ял шийтгэгдсэн, 43 буюу 16.9 хувь нь 3-аас дээш удаа ял шийтгэгдсэн хүн этгээд аж.
Өршөөн хэлтрүүлсэн нийт 1436 буюу 74.0 хувь нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, үүн дотроо хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 58.6 хувийг дангаараа эзэлж байжээ.