ББСБ болон автомашин, мобайл, лизингийн чиглэлээр бизнес эрхэлж, Нэткапитал Финанс Корпораци ХХК-ийг үүсгэн байгуулсан Д.Сүндийд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ирэх пүрэв гарагт хэлэлцэхээр тов зарлажээ. Тэрбээр эхнэр У-г зодож, хавиргыг нь хугалсан, зөөлөн эдийн гэмтэл учруулсан хэргээр өнгөрсөн жил хууль хяналтын байгууллагын хаалга татсан. Гэвч хэргийн ул мөрөө баллахаар өөрийн удирдлага дор ажилладаг Д.Баттөгсөөр дамжуулан хэргийг шалгаж буй Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгч Г.Даваажав болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга Т.Батсайханд авлига өгсөн хэрэгт холбогджээ. Тодруулбал, Нэткапитал Финанс Корпорацид ажилладаг Д.Баттөгс нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга Т.Батсайхан, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгч Г.Даваажав нар өгнө хэмээн Д.Сүндийгээс 20 төгрөг авчээ. Улмаар өөрөө таван саяыг нь авч, Г.Даваажавт арав, Т.Батсайханд таван сая төгрөг өгсөн гэнэ. Нийслэлийн Прокурорын газраас эл хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуульд заасан Залилах, Хахууль авах, Хахууль өгөх, Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэсэн зүйл ангиудаар яллах дүгнэлт үйлджээ. Гэвч хэргийг шийдэлгүй цаг алдаж буйг олон нийт шүүмжилж буй.