Дэлхий үүссэн цагаас л тоо томшгүй үзэгдэл явагдсаар ирсэн. Эрдэмтдийн тооцоллоор 4.57 тэрбум жилийн өмнө үүссэн энэхүү гараг дээр хүн төрөлхтөн бий болсон нь харьцангуй “нялх” түүх. ДНХ-ийн судалгаагаар орчин үеийн хүний өвөг эцэг болох хомо сапиенс ойролцоогоор 200 000 гаруй жилийн өмнө үүссэн гэж үздэг. Хүн бий болсноосоо хойш байгалийн үзэгдлүүдийг таньж, мэдсээр улам хөгжин, боловсорсоор өнөөдөртөй золгожээ. Байгаль дэлхийг танихын төлөөх “сургалт” үргэлжилсээр буй. Хүн төрөлхтөн тайлбарлаж чадаагүй өчнөөн үзэгдэл бий бөгөөд үүнийг бид “нууц” хэмээн тодотгон судалдаг. Байгалийн тийм нууцлаг гайхамшгуудын нэг бол наргил модны сувд юм. Сувд хэмээх чулуу зөвхөн далай, тэнгис, гол, мөрний хясаа зэрэг нялцгай биетийн яс, бүрхүүлд бүрэлддэг гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Тэгвэл байгаль дээр ургамлын гаралтай сувд бий болох нь нэн ховор үзэгдэл гэнэ. Ингэхдээ зөвхөн наргил мод л сувд “төрүүлдэг” аж.
НЭГ САЯД ГАНЦ ТОХИОХ МАГАДЛАЛТАЙ
Дундад зууны үеийн Нидерландын домч, ургамал судлаач Румпфи нэгэн гар бичмэлдээ ер бусын үнэт эдлэлийн тухай дурсамж үлдээжээ. Үүнийг ургамлын гаралтай сувдны тухай анхны тэмдэглэл гэж үздэг байна. Тэрбээр тэмдэглэн үлдээсэн тэр зүйлээ баримтаар батлаагүй учраас цаг хугацааны явцад мартагдахад хүрчээ. Гэхдээ наргил модноос сувд шиг цагаан “чулуу” гарсан тохиолдол цөөн ч гэсэн бүртгэгдэж, энэ салбарын мэргэжилтнүүд судалсаар иржээ. Ингээд наргилын сувд гэж нэрлэсэн байна. Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр наргилын самар буюу жимсний суурь хэсэгт гурван нүх бий болсон тохиолдолд л сувд гардаг байна. Тэр хэсэгт асар их нягттай учраас хальсыг нэвтлэх боломжгүй үр хөврөл үхэж, шохойжин, эргэн тойронд нь эрдсүүд хуримтлагдсаар ихэвчлэн бөөрөнхий, эсвэл дусал хэлбэртэй зүйл үүсдэг бөгөөд хэмжээний хувьд дунджаар хоёр сантиметр байдаг аж. Үүнийг нь сувд гэх бөгөөд өнгө нь гялалзсан, сүүн цагаан. Дэлхий дээр одоогоор наргилынхаас өөр ургамлын гаралтай эрдэнийн чулуу бүртгэгдээгүй аж. Ийм сувдны ганцхан үзмэр АНУ-ын Майамигийн Ботаникийн музейд бий. Махаража хэмээн нэрлэсэг уг чулуу маш гайхалтай болохыг судлаачид тэмдэглэжээ. Ийм гайхамшигтай зүйл байдаг, асар өндөр үнэтэй гэж сонссон хүмүүс наргил модны самар бүрээс сувд хайж нэг хэсэг эл төрлийн төглийг сүйтгэсэн түүх ч байна. Жишээ нь, өнгөрсөн зууны дунд үед нэгэн польш аялагч наргилын сувд олохын тулд Шинэ Гебрид (Номхон далайн баруун өмнөд хэсэгт орших, дэлхийн хамгийн том арал Эспириту Сантогийн нэг хэсэг бөгөөд 1980 онд Вануату улс хэмээн нэрлэдэг болжээ)-ийг зорьжээ. Тэнд багагүй хугацааг өнгөрүүлэхдээ тэрбээр ганц ч сувд олоогүй эл адал явдлынхаа тухай дурсамж бичсэн нь байгалийн энэхүү гайхамшгийн талаар дэлхий дахинд том сурталчилгаа болсон гэдэг.
Наргилын сувдыг нухацтай судалсан өөр нэгэн хүн нь мөн л Нидерландын эрдэмтэн Рэйе бөгөөд 1930-1940-өөд онд ийм чулуу байдаггүй гэж маргажээ. Тэрбээр олон улсын музейнүүдэд байгаа ургамлын сувд гэсэн 70 үзмэрийг судалсны үндсэн дээр ийнхүү бат итгэсэн гэнэ. Хэдийгээр музейнхэн наргилын сувд гэдэг ч үнэн хэрэгтээ аварга том хясаа болох тридандынх болохыг тэрбээр тогтоосон аж.
Тэгэхээр наргилаас сувд гарах боломжтой, эсэхэд Английн эрдэмтэн Уэйн Армстронг нухацтай ханджээ. Тэрбээр ийм чулууны тухай домог, уугуул иргэдийн хууч яриа зэрэгт анхаарал хандуулсан аж.
Халуун орны уугуул суугчид энэ гайхамшгийн талаар эртнээс мэддэг, анагаах увдисыг нь ашигладаг байв. Жишээ нь, эл сувдыг байнга зүүснээр зүрхний шигдээсээс сэргийлдэг. Хоол боловсруулах эрхтнүүд эрүүл байж, биеийн хүчиллэг тэнцвэрийг хэвийн байлгадаг, шээс, бэлгийн замын өвчинд сайн. Эл чулууг зүүсэн хүний биед өчүүхэн төдий асуудал үүсэхэд өнгө нь бүдгэрч, аажмаар гялалзахаа больдог гэнэ. Ургамлын сувдыг эрэгтэйчүүдэд хэрэглэхийг зөвлөдөггүй. Учир нь зан чанарыг зөөлрүүлж, аз жаргалыг үгүй болгодог гэж үздэг гэнэ. Энэ мэтээр тэмдэглэсэн байдаг ч өнөө цагт үнэндээ яг таг баталсан нь үгүй гэдгийг судлаачид онцолжээ.
Наргилаас гарсан эрдэнийн чулууны талаар Оросын зохиолч, хуульч Юрий Кларов “Хар гурвалжин” номдоо өгүүлжээ. Түүнд дурдсанаар бол 1918 онд сүмийн ариун ёслолын үеэр хулгайд алдагдсан наргил модны, мөн сүүн хэмээн нэрлэдэг сувдыг II Екатерина эзэмшдэг байжээ. Сүүлийн үеийн судлаачдын тайлбарласнаар бол наргилын самар дотор чулуу үүсэх үзэгдэл нь нэн ховор буюу нэг саяд ганц тохиолдох магадлалтай. Магадлалтай гэдэг нь яг таарна гэсэн үг биш. Мэргэжлийнхний хэллэгээр бол энэ нь органик чулуу юм.
ГАЗАР ДООРХ СУВДНЫ ОЛДВОРЫГМОНГОЛООС АНХ ИЛРҮҮЛЖЭЭ
Цэнхэр гараг дээр далайн буюу бидний мэддэг уламжлалт сувд элбэг. Харин ургамлын гаралтай нь ийм ховор аж. Тэгвэл газар доорх, эсвэл газрын болон агуйн сувд гэж бас бий гэнэ. Мөн л ховор эд. Газрын сувдны хувьд эртний галавын үеийнх. Өдгөө бол палеонтологийн олдвор буюу хэдэн сая жилийн настай гэсэн үг. Энэ нь өнөө цагийн сувд шиг далайн болон цэнгэг усны гэсэн гарал үүсэлтэй. Эрдэмтдийн тэмдэглэснээр Мезозойн эринээс хойших цаг хугацаанд хамаардаг бөгөөд ийм төрлийн олдвор маш ховор. 1960-аад оны үед Монгол, Зөвлөлтийн хамтарсан геологийн багийнхан Монголын говиос эртний нялцгай биет илрүүлэн судлахад доторх бүрхүүлд нь 2.5 миллиметр хэмжээтэй, зууван болон хагас бөмбөлөг хэлбэртэй хэд хэдэн шаргал сувд байжээ. Уг амьтан цэнгэг усны хясаа байсан бөгөөд дэлхийн хэмжээнд ийм төрлийн анхны олдвор болсноороо онцлог юм байна.
АГУЙН “ЧУЛУУ”
Агуйн сувд буюу оолит гэдэг нь байгалийн гайхамшигт үзэгдлийн үр дүнд бий болдог байна. Энэ нь нялцгай биетэд бус, агуйн хана, агуй дахь нууруудын хотгорт бүрэлддэг. Өөрөөр хэлбэл, амьтны оролцоогүйгээр үүсдэг онцлогтой. Гэхдээ тогтоц болон үүсэх зарчмын хувьд нялцгай биетүүдийн бүрхүүл дэхтэй тун төстэй гэнэ. Агуйн сувд үүсэх үйл явцыг мэргэжилтнүүд ер бусын, гайхалтай гэж тодорхойлжээ. Агуйн хана, таазнаас унжсан кальцийн карбонат зэрэг эрдэс бодисын бүрдэл бөгөөд үүнийг оолит гэдэг. Элсний ширхэг, хайрга, бичил биет, кальцийн карбонатын дусал талсжих үйл явц гэж “хараар” тайлбарлаж болох юм. Оолит зууван, бөөрөнхий, олон өнцөгтэй, эсвэл бүр ямар ч хэлбэр дүрсгүй замбараагүй бөөгнөрөл шиг байдаг. Үнэндээ бол агуйн сувд гэж байгаа ч да лайн нялцгай биетийн “үйлдвэрлэдэг” шиг ширхэг тус бүр нь салангид байх нь ховор.
Бэлтгэсэн Ж.Хаан