Монголын цагдаагийн байгууллагын 100, Эрүүгийн цагдаагийн албаны 87 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Цагдаагийн байгууллагын анхан шатны нэгж буюу сумын хэсгийн төлөөлөгчөөр олон жил ажиллаж байсан Г.Дугарсэдэд майор гэхээр Биндэр, Дадал, Батширээт, Өмнөдэлгэр зэрэг сумын ахмад, дунд насны иргэд төдийгүй Хэнтийгийнхэн андахгүй биз ээ. Хэнтий аймгийн Цагдаагийн газрын ахмад ажилтан, хошууч Г.Дугарсэдэд агсны тухай тус газрын Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагчаар ажиллаж байсан, бэлтгэл хошууч Н.Санжаадоржийн бичсэн дурсамжаас товчлон хүргэе.
ЦАГДААГИЙН ТАНГАРАГ 28 НАСТАЙДАА ӨРГӨВ
Г.Дугарсэдэд хошууч бол Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу, өнөөгийн Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутаг, Зүүн Манхаадай гэх газарт 1931 онд Гатив, Цэрэндулам нарын хүү болж мэндэлсэн нэгэн. Түүнийг хэвлийдээ байх үед нь эцэг, эх нь нутгийн “цоохор” Цэдэв гэх айлд өргүүлэхээр тохирсон байсан бөгөөд товлосон өдрөө тэрбээр ирж өлгийтэй хүүг гэр лүүгээ аваачжээ. Хамгийн сайхан нь Цэдэвийн эхнэр Тамжив, хадам ээж Хорлоо нарт амьд эрдэнэ залагдаж очих нь тэр. Тэд лам залж ёс бэлгэдэл үйлдэн, хүүдээ нэр хүсэж, хувь заяаг нь асуухад Дугарсэдэд хэмээх нэр хайрлан, хойшдын зам мөрийг нь үзээд “Эрч хүчтэй, цагаан мөртэй явах хүн юм байна” гэж айлдсан байна. Өргөж авсан ээж Тамжив, эмээ Хорлоо нар Дугарсэдэд хүүг алган дээрээ бөмбөрүүлэн өсгөж, гол усныхан нь түүний эрхийг гайхан ярьдаг байж. Дугарсэдэд ой сайтай, цэцэн цэлмэг хэл яриатай, биедээ ахадсан том үгтэй хүүхэд болж өсөв. Дайны хүнд жилүүд эрх танхи өсөж буй Дугарсэдэд хүүд ч хүнд тусаж, жаргалтай балчир үеийнх нь шүтээн болсон ээж, эмээ нь жил дараалан тэнгэрт хальжээ. Зовлонд нэрвэгдсэн өргөсөн эцэг Цэдэв нь “Би гэдэг хүн өөрийгөө авч явж чадахгүй хүн энэ хүүхдийг өсгөж барахгүй биз” гээд төрсөн гэрт нь буцаажээ. Ингэхдээ хүүгийнхээ өмчид хувцас хунар, эмээл хазаар, унах мориноос эхлээд 300-гаад толгой мал аваачиж өгөв. Энэ үед төрсөн эх Цэрэндулам нь “Бидэнд хүүхэд тогтдоггүйг чи мэднэ. Надаас гарсан хүүхдийг авахгүй гэлтэй нь биш. Хүний хүнээрээ байж хүн болох байх даа. Манайх малын татвараа дийлэхгүй ядаж байхад нэмж хүний мал аваад өрөнд орж шоронд явах болно” гээд малыг нь авсангүй. Үнэндээ Дугарсэдэд хүү эргэж ирснээс хойш ээж дээрээ ирсэн биш Гатив гэдэг айлын зарц боол мэт амьдралтай золгосныг нутгийнхан гайхан ярьдаг байж. Гативын өргөмөл охин, өндөр настан Аюуш “Дэрийсэн цагаан хяруунаар нүцгэн хөлөө үхрийн халуун баасанд гишгэж дулаацуулчихаад малын цаагуур гүйдэг байлаа. 12 орчим настай байхдаа голын эрэг дор хэвтэж байсан чоныг модоор цохиж алчихлаа гээд сүүлнээс нь чирээд хөлсөө арчсан хүүхэд ирж байв” гэж ах Г.Дугарсэдэдийнхээ талаар ярьсан юм. Эцэг, эх нь Дугарсэдэдийг мал дээрээ байлгах гээд сургуульд явуулахгүй хэдэн жил болсныг багийн дарга Дугаржав мэддэг нэгэн бөгөөд нэг өдөр гэрт нь очиж Гатив, Цэрэндулам нарыг “Та нарын өсгөсөн хүүхэд биш. Энэ хүүхэд хүн биш боллоо. Хөрөнгөтөн баячууд, та нарын малыг хураалгана шүү” гэж айлгаж байгаад өвлийн хүйтэн орсон арваннэгдүгээр сарын дундуур мориндоо Дугарсэдэд хүүг сундлан Баян-Адрага сумын бага сургуульд оруулав. Хичээлд хоцорч ирсэн болохоор цагаан толгойн 35 үсгээ нөхөд нь үзээд дууссан байж. Тиймээс хүүхдүүдийн бичсэнийг дууриан төслүүлж зурдаг болов.
Эр өсөж эсгий сунана гэдэг дээ. Г.Дугарсэдэд эрийн цээнд хүрч Улаанбаатар хотод цэргийн албанд татагдан ирснээр эцгийн нэр нь албан бичигт Гатив биш, Готов болж өөрчлөгджээ. Цэргийн алба түүнд цэрэгжилт, жагсаалч байдал, эх оронч үзэл, шударга зарчимд сургаж, албаны хүн болж төлөвшүүлсэн их сургууль нь болов. Тэрбээр бусад цэргийн адилаар шоронгийн харуулд гарна. Ингэж явсаар шинэ он гарахад байлдагч Дугарсэдэд хорих газарт орон тоо гарсныг сонсон тэнд хянагчаар ажилд орохоор шийдэв. Ийнхүү НАХЯ-ны системд ажлын гараагаа эхэлж, юм үзэж нүд тайлж олонтой танилцаж явсаар тэндээсээ Налайхын гал командад гал сөнөөгч болж ажил, амьдралын цоо шинэ орчинд орсон байна. Гал сөнөөгч Дугарсэдэд энд Дэжид хэмээх бүсгүйтэй танилцан, айл гэр болон гал голомтоо бадрааж, анхны охин Чимгээ нь мэндэлжээ. Эхнэр Дэжидийнх нь нагац ах Сүхээ гэх Налайхын цагдан сэргийлэх хэлтсийн мөрдөн байцаагч эр хүргэнээ цагдаагийн байгууллагад шилжүүлэн авснаар Г.Дугарсэдэд Монголын цагдан сэргийлэхийн албанд 28 настайдаа тангараг өргөн орсон байна.
ЖИНХЭНЭ “ЧЕКИСТ” БОЛСОН НЬ
Налайхын уурхайд ажиллахаар Монгол орны өнцөг булан бүрээс залуучууд цугласан байсан тул энэ хонхорт зодоон цохион, хэрэг зөрчил тасрахгүй. Сэргийлэн хамгаалах байцаагч ахлах дэслэгч Б.Баатарын удирдлагад сэргийлэгч Г.Дугарсэдэд ажиллана. Хойшоо ухардагүй, конторт суудаггүй, том гуталтай, өндөр хамартай сэргийлэгчийг Налайхынхан дорхноо л таньдаг болж. Сэргийлэгч Дугарсэдэд Налайхын хонхорт таван жил өдөр, шөнөгүй зүтгэн ажлаараа шалгарч, сэргийлэн хамгаалагч “өндөр” Баатарын гарын цэрэг, итгэлтэй хүн нь болоод байв. Тэгтэл Улсын их дэлгүүрийг хамгаалах цагдан сэргийлэх групп байгуулж даргаар нь ахлах дэслэгч Б.Баатарыг дэвшүүлэн томилжээ. Энэ үед тэрбээр Г.Дугарсэдэдийг ээлжийн ахлагчаар дэвшүүлэн томилуулж дагуулаад явсан байна.
Улсын их дэлгүүрийн цагдаа Г.Дугарсэдэд ажил үйлсээрээ шалгарч, ЗХУ-д зургаан сарын курст явж мэргэжил дээшлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, гадаадад тусгай сургуульд явуулсан гэсэн үг. Тэнд хэрэгтнийг баривчлах болон бие хамгаалах техник заалгаж тэр үеийнхний ярьдагчлан “чекистийн” сургуульд номын дуу сонсоод ирсэн хэрэг. Тухайн үед Монголын цагдаагийн байгууллагын нэртэй зүтгэлтэн, ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал, Гавьяат хуульч Б.Пүрэв техникум төгсөөд Улсын их дэлгүүрт нягтлан бодогчоор ажиллаж байсан гэдэг. Тэрбээр “Цагдаагийн группийнхэн дотроос 10-аад цагдаа удирддаг сэргийлэн хамгаалах байцаагч Г.Дугарсэдэд бидэнд ойр байсан болохоор нэр нь дуулдаж, мэддэг болсон. Дэлгүүрт ховор бараа ирэх үед дараалал дайрч, лангуу эвдэн үймээн болдгийн даваан дээр Дугарсэдэд хэдэн цагдаатайгаа ирж олон удаа аварч байсныг санаж байна. Гэхдээ би ойр дотно байгаагүй, нэгжид хамт ажиллаж байгаагүй ч гэсэн байнга сонсогддог, сэргэлэн, шударга хүн гэдгийг сайн мэддэг болсон” гэж дурсжээ.
Нэг шөнө Г.Дугарсэдэд ажлаасаа буун гэр лүүгээ явж байгаад 51 дүгээр дэлгүүрийн гадна цусаа гоожуулсан хүнтэй тааралдав. Тэрбээр “Намайг хоёр дээрэмчин хутгалаад зугтчихлаа” гэж. Г.Дугарсэдэд ойролцоо явж байсан иргэн Лувсангаар туслуулж шархадсан иргэнийг эмнэлэгт хүргүүлж, хоёр дээрэмчний араас өөрөө мөрдөн хөөж олжээ. Тэд цэргээс оргосон Нямдорж, Баяртогтох нар бөгөөд эсэргүүцэн дайрахад нь “чекистийн” сургуульд сурсан мэхээ ашиглан баривчилсан аж. Маргааш өглөө нь энэ явдлыг сайд сонсоод Г.Дугарсэдэдийг НАХЯ-ны “Жуух бичиг”-ээр шагнажээ. Төд удалгүй Г.Дугарсэдэдийг Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангид сэргийлэн хамгаалах байцаагчаар томилов. Өөрөөр хэлбэл, унаган нутгийнхаа ард түмнийг сэргийлэн хамгаалах үүрэг хүлээлгэсэн гэсэн үг.
ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ҮЛГЭР ЖИШЭЭГ ҮЗҮҮЛЭХИЙН ТУЛД ӨӨРИЙГӨӨ ТОРГОВ
1965 оны намар цаг. Өндөрхаан хотын баруун захын том дүнзэн байшинг Хэнтий аймгийн спорт заал гэнэ. Тэнд бөх барилдахаас эхлээд спортын тэмцээн уралдаанаас гадна үлээвэр хөгжимтэй нийтийн цэнгээнт бүжиг болдог байв. Ням гаргийн 17.00 цагийн нийтийн бүжгэнд орохоор зангиа зүүж, гутлаа өнгөлсөн залуучууд үүдний танхимд дүүрээд байтал чихцэлдсэн олны дунд гэнэт “ална, хядна” хэмээн орь дуу тавьсан нэг согтуу эр гартаа хутга барин савчиж байлаа. Тэгтэл хүмүүсийн араас саарал шинельтэй цагдаагийн офицер гарч очоод хутгатай гараас нь барих шиг болж хутга нь газарт унаж, танхай эрийн өрөөсөн гар унжин номхорч чирэгдэн явахыг цугласан олон гайхан харж хоцорлоо. Өндөр настан Шажиймаа залуу цагтаа нэлээд сахилгагүй нэгэн явсан бөгөөд тэрбээр “Дугарсэдэд тэгэхэд дэслэгч цолтой сэргийлэн хамгаалах байцаагч байв. Ер нь Хэнтийнхэн эр, эмгүй Дугарсэдэдээс айна. Тийм цагдаа одоо байхгүй дээ. Сахилгагүйчүүдтэй жинхэнэ тэмцдэг хүн. “Муусайн хулгайчуудын хошногыг суга өшиглөнө” гэж том гутлаа заана. Аймгийн мань мэтийн, “хужаа байр”-ны хэдэн танхайчуудыг баяр болгоны урьд өдөр 14.00 цагт цагдаагийн улаан буланд бэлэн бай гэж дуудах бичиг хүргүүлж гарын үсэг зуруулна. Ингэж хяналтад байлгаж “Баяраар юу хийж, хаагуур явах вэ” гэж асууна. Хууль уншуулж, яриа хийнэ. Тэгж байгаад л орой 22.00 цагийн үед найдвартай “хадгаламжид” орцгооно доо. Маргааш нь “хадгаламжид” л байна. Гэмт хэрэг гаргахаас, гэмт хэрэгт орохоос найдвартай урьдчилан сэргийлж байгаа хэрэг. Тухайн үедээ үүнээс илүү зөв юм гэж байгаагүй.
Г.Дугарсэдэд бол зоригтой, шударга, сайн байцаагч байсан. Бид хоёр олон ч удаа муудаж, сайдсан. Намайг засаж авах гэж янз янзаар үзсэн хүн. Яг үнэндээ намайг шоронд орохоос аварсан ачтан шүү. Хэнтийд Дугарсэдэдэд муу хүн байхгүй дээ” гэж дурсжээ.
Үнэндээ Хэнтийн 1960, 1970, 1980-аад оны хүүхэд, залуус цагдан сэргийлэхийг Г.Дугарсэдэд байцаагчаар төсөөлж, хүмүүжсэн үеийнхэн байдаг. Ер нь хэчнээн залууг амьдралын зөв замд чиглүүлж буян хийснийг бурхан л мэдэх байх. 1969 оны зун НАХЯ-наас Дугарсэдэдийг ажлаараа шалгарсан тул ЗХУ-д 45 хоногийн курст явуулж шагнажээ. Ирмэгц нь Дадал, Баян-Адрага, Норовлин сумыг хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр томилов. Нэрмэл архи, балт сүх, “мангардаа” хутга ердийн хэрэглээ байдаг буриад зон нутагладаг сум. Цагдан сэргийлэхийн дотоод бодлогоор эрүүгийн хүнд нөхцөлтэй газарт урдаа барьдаг ажилтнаа томилж байгаа хэрэг. Энэ бол хүнээ олсон томилгоо байлаа. Г.Дугарсэдэдийн хариуцсан нутаг дэвсгэрт илрээгүй хэрэг байхгүй. Гэмт хэрэг, зөрчил жил бүр буурсан байлаа.
Биндэр сумын харьяат “балин малгай” хочтой Дамдинжав гэх эр шоронгоос оргож Дадал сумын Тамгат толгойн зүүн талд хоёр буугаар зэрэг буудан цагдаа нарыг ойртуулахгүй, барьж чадалгүй хонов. Маргааш өглөө нь Г.Дугарсэдэд тухайн газарт очиж “Би Дугарсэдэд байна” гэж алхсаар дэргэд нь очиход гэмт этгээд буугаа орхин босож баригджээ. Улмаар бусдадаа “Явцгаа, явцгаа. Би үүнийг аваад очно” гээд гэрт нь хонуулаад маргааш нь мотоциклдоо сундлан очиж байв.
Дорноговь аймгийн цагдан хорих байрнаас зэвсэглэн оргосон хүмүүсийг барихын тулд зүүн гурван аймгийн цагдан сэргийлэх байгууллагаас томилогдсон бүлгийнхэн оргодлуудыг бүсэлсэн ч барьж чадахгүй бас буудалцаж. Тэр үед Г.Дугарсэдэд гэмт этгээдүүд рүү машинтай ойртон үсэрч нэгийг нь барьж авахад, хам хэрэгтэн нь цаашаа зугтан амиа егүүтгэсэн байжээ. Энэ мэт амь өрссөн үйл явдлуудтай тулгарч байсан түүх олон.
Шударга ёсыг сахиулахын тулд хуулиа алагчлалгүй хэрэгжүүлж өөрийгөө хүртэл торгож байсан нь Г.Дугарсэдэдийн гайхалтай ухаан. Нэг намар Биндэрийн Ойн аж ахуйн модны бригадынхан Гуулинт гэх газарт хадланд гарчээ. Шүхэржав, Ёндонжамц, жолооч Вандан гээд Г.Дугарсэдэдтэй нэг голын, зарим нь хамаатан болох хүмүүс байв. Тэд нэг өдөр хоёр тарвага агнан боодог хийж байтал хэсгийн төлөөлөгч Г.Дугарсэдэдийн мотоцикл майхны үүдэнд ирж зогсжээ. Тэр үед зөвшөөрөлгүйгээр тарвага агнах, боодог хийх хориотой байсан цаг. Тэднийг айж сандарч байгааг харсан Г.Дугарсэдэд “Дутуу түүхий болгочихов. Гүйцэд сайн хийгээрэй” гэхээс өөрийг хэлсэнгүй майханд орлоо. Боодог ч удалгүй болж, тэдэнтэй хамт зоогложээ. Төлөөлөгч гараа угаасныхаа дараа “За би ч сайхан идлээ, та нар ч цадаа биз. Хэдүүлээ хууль зөрчлөө. Одоо бүгдээрээ хуулиа хүндэтгээд торгуулна даа. Би өөрөө ч торгуулна” гэж. Нөгөөдүүл нь өөрийгөө торгоно гэхээр нь тоглож байна хэмээн бодтол цүнхнээсээ улаан канттай тасалбар гарган торгуулийн хуудас бичив. Хамгийн эхэнд “Дугарсэдэд” гэж бичээд 10 төгрөгөөр торгох тасалбар тасдан тавьжээ. Ингээд бүгдэд нь торгууль бичиж, мөнгийг нь хураан мотоциклоо асаан яваад өгсөн байна. Энэ бол нутгийнхандаа шударга ёсыг ойлгуулсан арга байсан юм.
1975 он. Г.Дугарсэдэдийг төр, засгаас Алтангадас одонгоор шагнаад удаагүй байтал Дадал сумд шинээр байгуулсан Бүрэнхааны модны үйлдвэр дэх “Хөдөлмөр хүмүүжлийн бригад”-ын Цагдан сэргийлэх группийн даргаар томилжээ. Тэнд зүүн гурван аймгийн ажил хийдэггүй архаг архичид, танхайчуудыг нэг дор цуглуулан албадан ажил хийлгэнэ. “Нохойд барьдаг мод” гэгчээр мань хүнийг хүнд цэгт томилсон хэрэг. Гэсэн ч Г.Дугарсэдэд түүнээс хульчийсангүй. 70 гаруй хүмүүжигч хүлээн авсны дотор Увс аймгийн харьяат, өмнө нь таван удаа 10 жил хорих ял сонсож байсан, засаршгүй танхай этгээд гэж дүгнэсэн Молом гэх эрийг нутаг зааж илгээсэн байв. Түүнийг хүмүүжүүлэх үүрэг Г.Дугарсэдэдэд ногдсон гэсэн үг. Нэг жил өнгөрөхөд Молом ямар ч зөрчил гаргалгүй ажлаа сайн хийсээр, хадгаламждаа 2000 төгрөгтэй болсон төдийгүй хоёр дахь жилээсээ уулын мод бэлтгэлийн бригадын дарга хийсээр таван жилийн хугацаагаа дуусган баян болж нутаг буцжээ.
ГАВЬЯАТ ҮЙЛС НЬ МӨНХ
Г.Дугарсэдэд майор бол өмнөх нийгмийн хатуу үнэлэмжийг давж сэргийлэгчээс ахлах офицер, НАХЯ-ны сайдын жуух бичгээс эхлээд төрөөс Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонгоор энгэрээ мялаалгаж байсан нэгэн. Тэр ч бүү хэл, Гавьяат хуульч цол шагнуулахаар Хэнтий аймгийн намын хорооноос тодорхойлон Намын төв хороонд хүргүүлж байв. Уг тодорхойлолтод “Г.Дугарсэдэдийг аймаг, орон нутгийнхаа нэлээд төвөгтэй газруудад зориуд томилон ажиллуулдаг, очсон газар бүртээ хэрэг зөрчлийг бууруулж чаддаг. Ажилд дайчин шуурхай, асуудалд тодорхой ханддаг, аймаг, сум нутгийнхаа ажлын төлөө үргэлж санаа тавьж, өдөр, шөнө, халуун, хүйтэн аль ч нөхцөлд чадамгай ажилладаг учир Г.Дугарсэдэдийг “БНМАУ-ын гавьяат хуульч” цолоор шагнуулахаар тодорхойлов” гэжээ. Цагдаагийн албанд 60 гартлаа ажилласан түүнийг нөхөд нь байнга сайнаар дурсдаг. Тухайлбал, чөлөөнд байгаа дэд хурандаа Б.Энхтөр “Дугарсэдэд хошууч бол дайчин, шударга хүн. Юмыг анддаггүй, өөртөө төлөөлөгч хүн гэдгээ шингээчихсэн, ард түмэндээ нэршчихсэн хүндтэй хүн” гэсэн бол хамт ажиллаж байгаад дарга нь болсон хошууч генерал Ч.Амарболд “Дугарсэдэд гуай бол гайхалтай шударга, жинхэнэ цагдаа хүний үлгэр болсон нэгэн” гэж онцлон тодорхойлж байв. Үнэндээ төрдөө үнэнч, сэтгэл нь цагаан, жирийн олны итгэл тээсэн цагдаагийн ажилтны үлгэрлэл байсныг түүнтэй уулзаж учирч явсан хүн бүрийн санаанд тод үлджээ. Г.Дугарсэдэд Гавьяат хуульч болоогүй ч гавьяат үйлс нь мөнх байна.
Г.Дугарсэдэдийнх найман хүүхэдтэй өнөр айл. Түүний цалин эхнэр Дэжидэд нь ирнэ. Найман хүүхэд нь том нь багыгаа өсгөж хүн болцгоосон гэж болно. Хүүхдүүд нь Өндөрхаан, Дадал, Батширээт, Биндэр, Өмнөдэлгэр гээд олон сургуульд шилжин сурч байсан бөгөөд нь охин Д.Оюунчимэг нь аавынхаа ажлыг уламжлан цагдаагийн албанд дэд хурандаа цолтой ажиллаж байна.