Хүмүүсийн хэлж заншсанаар 25 дугаар эмийн сангаас зүүн хойд зүгт, орон сууцуудын дундуур өгсөх замд “Манайхаар зочлоорой” гэсэн шиг нэгэн хаалга налуу замын хамт угтдаг. Энэ бол энгийн үе буюу коронавирусийн халдвар тархаагүй цагт хүмүүс бужигнаж л байдаг, хөл хөдөлгөөнтэй “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн үүд. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн 600 гаруй төрийн бус байгууллага манай улсад байдаг. Тэднээс хийж бүтээсэн нь нүдэнд тодхон харагддаг байгууллагуудын нэг нь тус төв билээ. 17 ажилтан (олонх нь хөгжлийн бэрхшээлтэй), 160 гаруй гишүүнтэй “Түгээмэл хөгжил төв” бие даан амьдрах төвийнхөн өдгөө цахимаар ажиллаж буй. Тэдний төлөөлөл болсон хэсэг залуус ажлын байрандаа цугларах үеэр хэрхэн ажилладгийг нь сурвалжиллаа.
Бие даан амьдрах төвийг сэргээн засах хөгжлийн төвтэй адил гэж хүмүүс их андуурдаг гэнэ. Сэргээн засах хөгжлийн төв нь хүмүүсийн биеийг эмчлэх, анагаахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Харин бие даан амьдрах төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх, сэтгэл зүйгээр дэмжих, нийгмийн харилцаанд оролцох боломж бүрдүүлэхэд анхааран ажилладаг юм байна. Тиймдээ ч хувийн туслахын үйлчилгээг “брэнд” болгон хөгжүүлжээ. Тодорхой хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувцаслах, хооллох, унаагаар зорчих, хичээл заалгах, хэн нэгэнтэй уулзах, сургалтад суух гэх мэтчилэн өдөр тутамдаа хийдэг зүйлээ ээж, аав, асран хамгаалагч биш, хувийн туслахын тусламжтайгаар амжуулах боломжтой. Одоогоор тус төв нь цагийн 20 орчим ажилтантай бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэн хувийн туслахын үйлчилгээ авах захиалгаа өгснөөр тэднийг хуваарилан ажиллуулдаг аж. Оюутнууд хичээлийнхээ хажуугаар, бусад хүн ажлын бус цагаар хувийн туслах хийх сонирхолтой байдаг бөгөөд тэднийг онол, практик хосолсон сургалтад хамруулж, гурван өдөр дадлагад гаргасны дараа гэрээ байгуулдаг гэнэ.
Олон улсад бие даан амьдрах гэдгийг шийдвэр гаргах, сонголт хийх, гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээх гэсэн гурван холбоо үгээр тодорхойлдгийг тус төвийн гүйцэтгэх захирал Г.Мөнхжаргал хэллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн халамжийн мөнгөө аваад, гэртээ сууж, байрны түрээс, цахилгаан, дулааны төлбөр төлнө гэж санаа зовнихгүй буюу ямар нэг шийдвэр гаргахгүй, сонголт хийхгүй, хариуцлага хүлээхгүй амьдрах нь утга учиргүй тул бие даан амьдрахад суралцах шаардлагатай. Энгийнээр хэлбэл, гэр бүлийнхнээсээ тусдаа амьдарч, ажил хийн, цалин авч, цахилгаан, дулаан, байрны түрээсийн төлбөрөө төлж, нийгмийн харилцаанд орохыг л бие даан амьдрах гэж хэлж буй юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан амьдрахад нь туслах, дэмжлэг үзүүлэх, урт болон богино хугацааны хөтөлбөрт хамруулах нь тус төвийн үйл ажиллагааны гурван чиглэлийн нэг. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй 10 хүнийг сонгож, нийгмийн амьдралд оролцуулах нэг жилийн хөтөлбөрт хамруулдаг. Гүйцэтгэх захирал Г.Мөнхжаргал “Манайх төрийн бус байгууллага учир төрөөс ямар нэг санхүүжилт олгодоггүй. Олон улсад зарласан төсөл, хөтөлбөрт материалаа хүргүүлж, шалгарсан тохиолдолд хэрэгжүүлдэг. Мөн төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэдэг. Өнгөрсөн жил гэхэд долоон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Урсгал зардал, ажилтнуудын цалинг төсөл, хөтөлбөрүүдээс санхүүжүүлдэг. Төрөөс үзүүлдэг, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний хүрээнд (Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгуул лагын оролцоотойгоор өрх, иргэнд дэмжлэг туслалцаа, үйлчилгээ үзүүлэхийг олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ хэмээдэг) Баянгол дүүрэгт амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнуудад зөвлөгөө, мэдээлэл өгөх, туслах, үйлчилгээ үзүүлэх ажлыг манайх хийдэг. Гэх дээ энэ үйлчилгээ нь ихээхэн дутагдалтай санагддаг. Ийм үйлчилгээ авах хүсэлтэй хүн маш олон бий. Гэвч нэг хүнд 14-хөн хоногийн турш ийм үйлчилгээ үзүүлдэг. Зарим иргэн, ялангуяа өндөр настай, асрах халамжлах хүнгүй хүмүүс уг үйлчилгээг хэдэн сараар, зарим нь насан туршдаа ч авах шаардлагатай байдаг” гэв.
Төрөл бүрийн ном өрсөн хана, бас өдрийн цагаар хоолоо хийгээд идчихдэг гал тогоо, амралтын өрөө, багаараа ажиллах, хуралдах, хэлэлцүүлэг хийх боломжтой ширээ, компьютерууд нь тус төвийнхний эрч хүчтэй ажиллах гол “зэвсэг”. Тиймээс жирийн үед ном унших, эсвэл ажилтнуудтай нь ярилцаж, мэдээлэл, мэдлэг солилцох гэсэн хүмүүсийн хөл хөдөлгөөнд дарагдсаар тэд ажлын өдрүүдийг өнгөрөөдөг аж. Бие даан амьдрах төслийн менежер, хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын ахлах багш Т.Урантөгс сэтгэл зүйн зөвлөлдөх уулзалтыг хэрхэн зохион байгуулдаг, ямар ач холбогдолтой талаар ярьсан юм. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие биедээ сэтгэл зүйн зөвлөгөө өгөх нь үр дүнтэй байдаг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хоорондоо ганцаарчилж, эсвэл багаараа ярилцаж, бие биедээ зөвлөгөө өгөх нь үр дүнтэй. Гэхдээ peer counsulting буюу зөвлөгөө зөвлөлдөөний сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан хүн ийм зөвлөгөө өгөх эрхтэй” хэмээв. “Түгээмэл хөгжил”-ийнхөн Японы “Human care” байгууллагатай хамтран зөвлөгөө зөвлөлдөөний ахисан шатны есөн сарын турш хэрэгжүүлэх сургалтын эхний хичээлд 10 хүнийг хамруулж байхтай таарсан юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32.1-т “Хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдрах эрхтэй”, 32.2-т “Хувийн туслах үйлчилгээ, зөвлөлдөх бүлэг буюу харилцан суралцах, зөвлөгөө өгөх үйлчилгээгээр хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах эрх нь хангагдана” гэж заасан байдаг. Хуулийн эдгээр заалтыг сайн хэрэгжүүлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд маш олон боломжоор хангагдахыг “Түгээмэл хөгжил” төвийнхөн хэлсэн. Тэднийх Монголын анхны бие даан амьдрах төв бөгөөд 2010 онд Ч.Ундрахбаяр тэргүүтэй хүмүүс үүсгэн байгуулжээ. Өдгөө Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг болон Архангай, Өмнөговь, Орхон аймагт салбар төвүүдээ ажиллуулж эхэлсэн бөгөөд Дархан-Уулд удахгүй нээх гэнэ.
Тус төвийн үйл ажиллагааны хоёр дахь чиглэл нь нийгмийн оролцооны хөтөлбөр. Гишүүддээ чиглэсэн сургалт явуулах, бусад улсаас туршлага судлах, олон нийт, нийгэмд чиглэсэн нөлөөллийн ажлууд хийх, баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр тусгай үйл ажиллагаа зохион байгуулах, дэд бүтэц, хүртээмжийн байдалд зөвлөгөө өгч, мониторинг хийх нь нийгмийн оролцооны хөтөлбөрт багтдаг. “Түгээмэл хөгжил” төвийн дэд бүтцийн хүртээмжийн үнэлгээ хариуцсан ажилтан, авто замын инженер Б.Ням-Очир “Нийтийн эзэмшлийн зам талбай, дэд бүтэц, барилга байгууламж нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хэр ээлтэй, хүртээмжтэй байна вэ гэдэгт манайх үнэлгээ хийдэг. Төрийн, хувийн хэвшлийн байгууллагуудтай гэрээ хийж, хамтран ажилладаг гэсэн үг. Дэд бүтцийг хүртээмжтэй болгох чиглэлээр манай улсад бие даасан хууль байхгүй. Барилгын, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай зэрэг салбар хууль болон стандартуудад хүртээмжтэй орчныг бий болгох талаар тусгасан байдаг. Жишээ нь, А гэх байгууллага хуулиа хэр зэрэг мөрдөж, стандартын дагуу дотоод орчноо төлөвлөн, налуу шат хийсэн, эсэхийг нь үнэлэн, зөвлөмж, тайлан хүргүүлдэг. Хэрэв тухайн байгууллага барилгаа хүртээмжтэй болгохоор шийдсэн бол дахин төлөвлөлтийн зураг төслийг нь боловсруулж өгдөг” гэв. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг ажиллуулдаг болсон. Б.Ням-Очир барилга байгууламж, дийлэнх тохиолдолд явган хүний зам, талбайг хүлээж авах комисст багтан ажиллаж, харааны, сонсголын, тулгуур эрхтний гэх мэтчилэн төрөл бүрийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн, стандартын дагуу барьсан, эсэхэд нь дүгнэлт өгдөг аж. Барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналыг харгалзалгүй, стандартын бус хийсэн тохиолдол их байдгийг тэрбээр хөндсөн юм. Түүнчлэн тус төвийнхөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын захиалгаар Засгийн газрын 12 байранд дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийн үнэлгээ хийж, холбогдох яамдад зөвлөмж хүргүүлжээ. Мөн Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх IV конгрессыг 2019 онд зохион байгуулах үеэр “Шангри-Ла” зочид буудал болон ойр орчимд нь дэд бүтцийн хүртээмжийн үнэлгээ хийсэн байна. Уг үнэлгээнд тулгуурлан тус зочид буудалд гадаадын төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэлийг хангажээ.
Түүнчлэн тус төвийнхөн дэд бүтцийн хүртээмжийн үнэлгээ хийдэг “Хүртээмж” аппликэйшн хөгжүүлж эхэлжээ. Жишээ нь, нэг кофе шопоор иргэн үйлчлүүлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй, нярай хүүхэдтэй хүмүүс, ахмад настнуудад хүртээмжтэй, эсэхийг нь үнэлж, газрын зураг дээрээ тэмдэглэх боломжтой аж. Уг аппликэйшнийг өдгөө хөгжүүлэх шатанд яваа бөгөөд энэ оны сүүлчээр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй гэнэ.
…Хөгжлийн бэрхшээлтэй иргэн халамжийн мөнгөө аваад, гэртээ сууж, байрны түрээс, цахилгаан, дулааны төлбөр төлнө гэж санаа зовнихгүй буюу ямар нэг шийдвэр гаргахгүй, сонголт хийхгүй, хариуцлага хүлээхгүй амьдрах нь утга учиргүй тул бие даан амьдрахад суралцах шаардлагатай. Энгийнээр хэлбэл, гэр бүлийнхнээсээ тусдаа амьдарч, ажил хийн, цалин авч, цахилгаан, дулаан, байрны түрээсийн төлбөрөө төлж, нийгмийн харилцаанд орохыг л бие даан амьдрах гэж хэлж буй юм…
“Түгээмэл хөгжил”-ийн үйл ажиллагааны гурав дахь чиглэл нь боловсролд тэгш хамруулах хөтөлбөр. Үүний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг улс төр, хүний эрх, иргэний нийгэм, эдийн засаг зэрэг сэдвээр сургалтад хамруулж, чадавхжуулдаг. “Түгээмэл хөгжил” төвийн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ төслийн зохицуулагч Г.Эрдэнэзул уг хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн нэг. Тэрбээр МУБИС-д сэтгүүлч мэргэжлээр суралцаж байхдаа автомашины ослын улмаас тэргэнцэр дээр суудаг болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй болсны дараахан бүх боломж нь үгүй болсон юм шиг санагдаж байсан түүнд дээрх төв хөгжлийн гүүр нь болсон аж. Сургуульдаа ч сурч, мэргэжлээ эзэмшин, “Түгээмэл хөгжил”-ийн хөтөлбөр, сургалтуудад хамрагдаж, дараа нь төвдөө ажиллаж эхэлсэн байна. “Завгүй амьдралд хөл тавьснаар гэртээ орой л очдог болсон. Ээж минь над руу залгаад хаагуур, юу хийгээд яваад байна гэсэн удаа ч бий” гэж тэрбээр хэлсэн юм. “Түгээмэл хөгжил” төвийн ажилтнуудын олонх нь Г.Эрдэнэзултай адил зам мөрийг туулж, энэ бужигнасан “айл”-ын гишүүн нь болжээ. Тэд биеэ даан амьдарч, өөрийгөө хөгжүүлж, бусдад туслан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дээшлүүлэхийн төлөө өдөр бүр урам зоригтойгоор ажилладаг.