УИХ-ын 18, 28 дугаар тойрогт өрсөлдөх хүмүүс үндсэндээ тодорхой боллоо. Нэгэнт нам, эвсэл нь тэднийг дэвшүүлэх шийдвэрээ гаргасан тул ирэх даваа гарагт хүмүүсийнхээ хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлчихнэ. Энэ удаагийн сонгуульд МАН, Үнэн ба зөв нам, ШИНЭН, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, “Зөв хүн-Электорат” эвсэл, АН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхын засаглал нам, ИЗНН гэсэн есөн нам, нэг эвсэл оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа аваад буй.
28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар, Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар, ШИНЭН-ын орон нутаг хариуцсан дэд дарга Ц.Гантулга, “Зөв хүн-Электорат” эвслээс ХҮН-ын дарга асан Б.Найдалаа, АН-аас нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх, ИЗНН-аас олон улсын тоймч Ш.Гантулга нар өрсөлдөх нь. Мөн хуульч Х.Бат-Ялалт Сонгинохайрхан дүүрэгт бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Харин 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт МАН-аас тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, ШИНЭН-аас Хөдөлмөрийн баатар, паралимпийн аварга Д.Баатаржав, АН-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нар нэр дэвшинэ.
Мөн иргэн М.Чингисхаан бие даан нэр дэвшихээр бэлтгэж буй сурагтай. Өмнө нь тэрбээр Сүхбаатар дүүрэгт өрсөлдөж байсан юм. Хэдийгээр нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцохоо илэрхийлсэн ч тэд тойрог бүрт нэр дэвшигчээ илгээхгүй нь бололтой. Тухайлбал, Гэр хороолол хөгжлийн намын “нууц ноёнтон” нь Улсын баатар Э.Бат-Үүл гэлцдэг. Нэгэнт “эзэн” нь нэр дэвшиж байгаа хойно тус намынхан хэн нэгнийг өрсөлдүүлэх бус, АН-ыг дэмжиж оролцох бололтой. Мөн “Зөв хүн-Электорат” эвслийн бодлого, чиглэлтэй нийцсэн нам, үнэт зүйл, зарчмаа өндөрт авч явж чаддаг нэр дэвшигч, зөв хүнийг Хэнтий аймагт дэмжиж ажиллахаа ХҮН-ын дарга Т.Доржханд мэдэгдсэн.
Өнгөрсөн хэдэн өдөрт өрнөсөн нэр дэвшүүлэх үйл ажиллагаа нэг зүйлийг ил болгосон нь МАН-ын удирдлага МАХН-д “өр” төлсөн явдал. МАХН-д ч гэж дээ, МАН-д намаа нэгтгэснийх нь хариуг экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт барьсан хэрэг. Тохироо, хэлэлцээрээ хэрэгжүүлсэн гэсэн үг. МАН, МАХН хоёр нэг дээвэр дор орно гэх яриа сураг төдий байхад л тэдний хоорондох тохиролцооны томоохон хэрэгсэл нь Э.Батшугар байсаар ирснийг эл явдал нотлов. Ааваараа хөтлүүлэн, “ногоон гэрэл”-ээр гарсан түүнийг Ардын намынхан алга нижигнүүлэн дэмжсэн гэвэл үүн шиг худлаа зүйл үгүй биз. Түүнийг 95 хувийн саналаар дэмжсэн гэх цаасан дээрх тоо, бодит байдал хоёрт тэнгэр, газар шиг зөрүү бий. Мэдээж МАН-ынхан намын бодлого, даргын чиглэлийн дагуу дуугүйхэн түүнийг дэмжсэн. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайг нэр дэвшүүлэх саналыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир гаргасан ч тэрбээр нэрээ татсан аж. Нэр дэвшихээр горилогсод “зөв харан инээж, буруу харж уйлан” байж гар өргөсөн байлгүй.
Харин тэднийг ах бөгөөд дарга нар нь “Ингээд ч болов өрөө төлье, нэр дэвшүүлсэн үү дэвшүүлсэн, ялах, эсэх нь түүний хэрэг. Тэгээд ч “хатуу” хүмүүстэй тулах нь. Дараагийн сонгуулиар та нарт боломж олгоно” хэмээн аргадсан байж ч мэднэ. Түүнээс биш энэ тойрогтоо эзэн суух хүсэл Д.Сумъяабазар, түүний тойрон хүрээлэгчдэд хамгийн их байсан нь лав. Хууль тогтоох байгууллагад одоо 60 гишүүнтэй МАН-ын үнэмлэхүй олонхын байр суурийг өөрчлөхөд эл нөхөн сонгуулийн үр дүн тийм ч чухал биш. Гэхдээ цар тахлын үед улс орныг хэрхэн удирдсан, цаашдаа үр дагавар, учруулсан хохирлыг нь хэрхэн гарз багатай даван туулах вэ гэдэг нь өнөөгийн эрх баригчид, Ардын намынхны хувьд том сорилт болж буй. Цаг нь ирэхээр УИХ, Засгийн газарт иргэд, сонгогчид дүнгээ тавих ч хамгийн түрүүнд буюу эл нөхөн сонгуулиар дүгнүүлэх хүн нь нийслэлийн удирдлага, тэр тусмаа Д.Сумъяабазар болчихоод байна. Тиймээс ч 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН ялагдаж, Сонгинохайрханы нэг суудлаа алдах эрх тэдэнд байхгүй, уг нь. Мөн тэр нийслэлийн Засаг даргаас гадна МАН-ын нийслэлийн хороог удирддаг. Тэгээд ч Сонгинохайрхан дүүргийн сонгогчид УИХ болон орон нутгийн сонгуулиар МАН-ын нэр дэвшигчдэд хамгийн өндөр хувиар итгэл хүлээлгэж, бүх түвшинд бүтэн багаар нь сонгосон.
Э.Батшугар УИХ-ын 2016, 2020 оны хоёр ч сонгуулиар тус дүүрэгт МАХН-аас нэр дэвшсэн туршлагатай. Өнгөрсөн сонгуулиар гэхэд гурван мандат бүхий тус тойргоос авсан саналынхаа тоогоор дөрөвдүгээрт бичигдсэн юм. Гэхдээ одоо МАХН, бас МАН-ын гишүүд, дэмжигчид бүгд түүнийг дэмжих, эсэх нь эргэлзээтэй. МАХН гэх нам ч үгүй болсноос авхуулаад нөхцөл байдал нэлээд өөрчлөгдсөн. Бас Э.Батшугарын өрсөлдөгчдийг “хатуу” хэмээн тодорхойлохгүй байхын аргагүй. Тухайлбал, Э.Бат-Үүл, Б.Найдалааг нэрлэж болно. АН-ынхан “Үнэт зүйл, зарчмаа худалдалгүй өнөөдрийг хүртэл тууштай зогсож, ардчилсан үзэл санааны тээгч болж буй хүмүүсийг нэр дэвшүүлсэн” хэмээн тодорхойлж буй. Нэгэн цагт нийслэлийн Засаг даргаар ажиллаж, өөрийн гэх онцлогтой нэг бус ажил эхлүүлэн, ардчилал, эрх чөлөөг энэ улсад авчрахын төлөө оруулсан хувь нэмрээ Баатар болтлоо үнэлүүлсэн түүнийг танихгүйн зовлон үгүй. Өнгөрсөн сонгуулиар МАН-ын дарга хаана өрсөлдөнө, тэнд нь нэр дэвшинэ гээд, хаа байсан Хэнтийд очиж өвдөг шороодсоноос өөр нөхцөл байдал, давуу тал Сонгинохайрханд бий. О.Цогтгэрэл даргатай талынхан нь л Э.Бат-Үүлийн эсрэг ажилладаггүй юм бол АН-ын санал хуваагдахгүй, нэлээд жин дарж мэднэ. Тэгээд ч энэ удаагийн сонгуулиар ялах гэсэн хүсэл МАН-аас илүү АН-д бий. Тиймээс ч тэд үүгээр үзэл санааны хувьсгал эхлүүлэхээ мэдэгдэв бололтой. Үнэхээр ч Э.Бат-Үүлийг дэвшүүлсэн, М.Тулгат даргатай АН-ынхан нөхөн сонгуульд амжилттай оролцож гэмээнэ хүлээн зөвшөөрөгдөхөд дэмтэй. Б.Найдалаа ч сул нэр дэвшигч биш. “Зөв хүн-Электорат” эвсэл 2020 оны УИХ болон орон нутаг, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд чамлахааргүй амжилттай оролцсоныг түүнээс салгаж боломгүй. Гэвч тэр азгүй. Чингэлтэй дүүрэгт сүүлийн хоёр ч сонгуулиар нэр дэвшсэн ч сонгогдоогүй. Өдгөө тэр өмнөхөөс нэлээд өөр, сонгогчид нь онцлогтой, хамгийн том дүүрэгт өрсөлдөх гэж байна. Бусад нэр дэвшигчийн тухайд бараг бүгд намынхаа дарга нь юм билээ.
Харин Хэнтий аймгийн сонгуульд эрх баригчид арай өөрөөр хандахыг үгүйсгэхгүй. Учир нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Хэнтийн 18 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон. Энд хэн, аль нам ялах нь өнөөгийн эрх баригчид, Засгийн газрын үйл ажиллагаа, шинэхэн Ерөнхийлөгчид өгөх дүн гэж ойлгож болно. Тиймээс ч залуухан Засаг даргыг нэр дэвшүүлэхээр шийдсэн байж мэднэ. Хэнтийд нэр дэвшихээр горилогсдыг бодвол нэр цэвэр, орон нутгаа удирдаж байгаагийн хувьд богино хугацаанд илүү танигдсан гэх мэт давуу тал Ц.Идэрбатад бий. Өрсөлдөгчдийн хувьд АН-ын нэр дэвшигчийг эс тооцвол нэрлэх хүн тун цөөн. АН-ын нэр дэвшигч Б.Гарамгайбаатарын хувьд 2012 оны сонгуулиар Хэнтий аймгаас сонгогдож, УИХ дахь намын бүлгийн даргаар ажилласан туршлагатай. Саяхан түүнийг намын дэд даргаар томилон, Хэнтий аймгийг хариуцуулснаас эхлэн нутаг орноо ойр ойрхон эргэх болсон. Гэхдээ нутгийнхаа замыг там болгосон, “гай тарьдаг” хүн гэх мэтээр цоллох нь ч бий. Юутай ч аль аль дүүрэгт АН, МАН-ын дунд өрнөх нөхөн сонгуулийн гол өрсөлдөөн ирэх өдрүүдэд илүү тодрох биз ээ.