Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэдхэн хоногийн өмнө Баянзүрх дүүрэгт байршилтай "Оргил" худалдааны төвийн өмнөх автомашины зогсоолыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Тэгвэл Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх нь "Газрыг шууд чөлөөлөхгүй. Чөлөөлөх эсэхээ хот шийдэж танд хариу өгнө. Чөлөөлөх мэдэгдэл өгөхгүй бол та шүүхэд хандаарай" гэсэн хариуг нэхэмжлэл гаргасан хуульчид өгчээ. Хуульч А.Базар нүүр номдоо энэ талаар "Шүүгч Г.Билгүүн, Б.Тунгалагсайхан, Д.Баатархүү. Хэдэн жил, хэдэн удаа шүүхээр яв, хүлээ гэж байгаа юм бол?
1. "Нийслэлийн Засаг даргаар миний өргөдлийг шийдүүлж өгөөч" гэж шүүхэд хандсан.
2. Нийслэл Засаг дарга газрыг чөлөөлөх мэдэгдэл өгөхгүй бол "Газрыг чөлөөлөх мэдэгдэл өгөхийг даалгаж өгөөч" гэж бас шүүхэд хандсан.
3. "Оргил" худалдааны төв мэдэгдлийг биелүүлэхгүй бол "Одоо албадан чөлөөлөхийг Засаг даргад үүрэг болгож өгөөч" гэж 3 удаа шүүхэд хандаж байж газрыг чөлөөлүүлэх юм гэнэ.
Мэдээж энэ хооронд нь баахан шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр явна. Хугацаа их авна. Ингэж явбал 3-4 жилээс наашгүй. Зөрчигдсөн эрхийг сэргээнэ гэж тангараг өргөсөн хүмүүс (шүүгчид) шүү дээ. Харин нийтийг замыг хууль бусаар ашиглаад байгаа компани нь "Ард түмний төлөө зүтгэнэ" гэж тангараг өргөөд, амлалт өгөөд сонгогдсон УИХ-ын гишүүн Жамбалын Ганбаатарын эзэмшлийн компани" хэмээн бичжээ.
Улмаар хуульч А.Базар дээрх асуудлаар Хяналтын шатны шүүхэд хандана гэв. Товчхондоо, шийдвэр аль ч талд гарсан бай, нийтийн эрх ашгийн төлөө эцсийг хүртэл тэмцэхээ мэдэгдэв.