2019 оны аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө манай хууль хяналтын байгууллагынхан хойшлуулшгүй ажиллагаа явуулж, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, подвалуудаас БНХАУ-ын 818 иргэнийг саатуулж байв. Хятад иргэд “Амар”, “Секрет гарден”, “Юнион бюлдинг”, “Санни таун”, “Кентавр”, “Ориентал” зэрэг зочид буудалд байсан бөгөөд 783 хятад иргэнийг албадан гаргасан. Шүй Хуй Хуан нарын 6 хүнийг Монголд үлдээн шалгасан. Шүй Хуй Хуан нарын БНХАУ-ын 6 иргэнд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүхэд хоёр өдөр үргэлжилж, шийдвэрээ гаргалаа. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч БНХАУ-ын иргэн Шүй Хуй Хуан / Xu Hui huang/, Хуан Яао Шэн / Huang Yao Sheng /, Еэ Чин Хуй / Ye Quing Hui /, Нарису / Narisu /, Хуан Ши Бин / Huang Shi Bin /, Лиан Жү Фөн / Liang Ju Feng / нарыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Тодорхой хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 2 жил хорих, Шүүгдэгч Нарису, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 1 жил хорих,Шүүгдэгч Шүй Хуй Хуан, Хуан Яао Шэн, Еэ Чин Хуй, Нарису, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн нарыг залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 3 жил хорих ялаар шийтгэж, Шүүгдэгч Шүй Хуй Хуан, Хуан Яао Шэн, Еэ Чин Хуй нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг тус бүр 5 жил хугацаагаар хорих, Шүүгдэгч Нарису, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 4 жил хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож шийдвэрлэсэн байна.