Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй хүүхдүүдээс зургаа нь Элсэлтийн ерөнхий шалгалтад тэнцэв. Тодорхой хэлбэл, хүмүүжигч хүүхдүүд монгол хэл, математик, англи хэл, нийгэм, биологийн хичээлээр ЭЕШ-д бэлтгэж, хамгийн багадаа 532, цаашлаад 576 оноо авч, Монгол Улсын Боловсролын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Улаанбаатарын их сургууль, Хүнс, технологийн дээд сургуульд элсжээ. Тэдний дөрөв нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан, гэртээ харьсан. Харин үлдсэн хоёр оюутныг хичээл, сургуульд нь онлайнаар хамруулахаар , сургалтын төлбөртөө санаа зовохгүй байх нөхцөлийг бүрдүүлэхээр Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын удирдлага, багш нар хөөцөлдөж буй сурагтай.
Нэг оюутан нь аравдугаар сарын дундуур Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас гарна. Түүнийг нэг сар гаруйн хугацаанд онлайнаар сургах уу, сургуулиас нь сарын чөлөө авах уу хэмээн аав, ээжтэй нь зөвшилцөж буйгаа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагынхан хэлсэн.
Дараагийн оюутан хоёр жил, арван сарын дараа эрх чөлөөтэй болно. Гэхдээ үүнээс урьтаж, ирэх түүнийг жил томчуудын хорих анги руу шилжүүлэх асуудал тулгасан байна. Тиймээс Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын удирдлага прокурор, шүүхэд хандаж, Хүүхдийн эрхийн конвенцод үндэслэн хүмүүжигч хүүхдийг томчуудын хорих руу шилжүүлэхгүй, үлдээх хүсэлт гаргасан гэнэ. Улмаар тухайн оюутны сургалтын төлбөрийг нь олохоор зарим ТББ байгууллага, хувийн хэвшлийн байгууллагад хандсан байна. Нэг ТББ-аас 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө сургалтын төлбөрийн төсвийг тусгая гэсэн бол зарим нь 2021 онд хямралд өртсөн учраас дэмжих боломжгүй гэх хариу өгчээ. Ямартай ч тус байгууллагын багш нар жилийн жилд хүмүүжигч хүүхдүүдийг ЭЕШ-д бэлддэг бөгөөд Кристина Ноблийн хүүхдийн сан болон "Асралт" төв, "Амин хүүхэд" төрийн бус байгууллагаас их, дээд сургуульд тэнцсэн оюутны сургалтын төлбөрийг сайн дураараа төлж иржээ. Үүний үр дүнд өнөө жил л гэхэд гурван оюутан их, дээд сургуулиа төгсөж, бас нэг нь дөрөвдүгээр дамжаандаа амжилттай дэвшжээ.
Ташрамд дурдахад, өнгөрсөн сард 12 хүүхэд Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамрагдан тус байгууллагаас гарсан бол өнөөдрийн байдлаар 14 хүүхэд хүмүүжиж байгаа гэнэ.