Алжирт болсон Ливийн хөрш орнуудын уулзалтад оролцогчид тус улсаас гадаадын хөлсний этгээдүүдийг гаргахыг дэмжиж, ирэх арванхоёрдугаар сард товлосон бүх нийтийн сонгуулиудыг зохион байгуулахтай холбоотой асуудлуудыг олон улсын дэмжлэг авах замаар яаралтай шийдэхийг ливичүүдэд уриаллаа. Гэвч тус бүс нутгийн тоглогчид санал нэгдсэн нь ливичүүд дотоодын үл ойлголцлоо даван туулахад тус болоогүй байна. Хэрэв сонгууль бүтэлгүйтвэл тус улс дахин иргэний дайны байдалд орох юм.
Ливийн парламентын болон Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арванхоёрдугаар сарын 24-нд болох юм. Тус улсад болж буй үйл явдлыг эерэг болон сөрөг талаас дүгнэж, шийдэх арга замыг зөвлөлдөх нь хөрш орнуудынх нь Гадаад хэргийн сайд нарын уулзалтын гол зорилго байсныг Алжирын Гадаад хэргийн сайд Рамтан Ламамра мэдэгдэв. Алжир, Египет, Нигер, Бүгд Найрамдах Конго Улс, Судан, Тунис, Чадын сайд нар оролцсон уг арга хэмжээнд Ливийн Гадаад хэргийн сайд Наджла Мангуш, тус улсын асуудал хариуцсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Ян Кубиш, Африкийн холбооны Энх тайван, аюулгүй байдлын асуудал, улс төрийн хэрэг эрхэлсэн комиссар Банколе Адеойе, Ливийн улсуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Абу аль-Гейт нар оролцжээ. Тэд Алжирын сайдтай санал нэг буйгаа мэдэгдсэн байна.
Ливийн асуудлаарх өмнөх уулзалт Алжирт өнгөрсөн оны эхээр болсон бөгөөд үүнээс хойш олон зүйл өөрчлөгджээ. Өнгөрсөн гуравдугаар сард Ливийн Үндэсний эв нэгдлийн Засгийн газар тангаргаа өргөж, улс орноо сонгуульд бэлтгэж, төрийн тархай бутархай болсон бүтцийг, тэр дундаа армийг нэгтгэх зорилт тавьсан аж. Тус улс сүүлийн зургаан жилд хоёр засаглалтай байв. Нийслэл Триполид олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээн зөвшөөрсөн Үндэсний эв нэгдлийн Засгийн газар бий бол фельдмаршал Халиф Хафтар тэргүүтэй Ливийн үндэсний армийн хяналтад байдаг зүүн нутагт нь хууль ёсны эрхтэй Төлөөлөгчдийн танхим хуралддаг. 2019 оны эцсээр Триполи Анкаратай цэргийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулж, Туркийн цэрэг болон хөлсний отрядуудыг байрлуулжээ. Тэдгээр хөлснийхөн нь Туркийн талыг баримталдаг Сирийн бүлэглэлүүдэд хамаа рдаг аж. Ливийн үндэсний армийн талд Чад, Судан, мөн Сирийн хөлснийхөн ажилладаг. Тэрчлэн Египет, АНЭУ тус армид цэргийн тусламж үзүүлдэг гэнэ. Өнгөрсөн оны аравдугаар сард байгуулсан, гал зогсоох тохиролцоонд зааснаар гадаадын хүчнүүд Ливиэс 2021 оны нэгдүгээр сарын 23-нд гарах ёстой байв. Гэвч энэ асуудлаар ахиц гараагүй. НҮБ-ын мэдээлснээр өнгөрсөн зургадугаар сарын эхээр Ливид гадаадын 20 мянга орчим цэрэг, хөлснийхөн байжээ. Ташрамд дурдахад, хөлснийхний олонх нь Ливид үлдэх, эсэхдээ эргэлзэж эхэлсэн аж. Энэ долоо хоногт Арабын нийгмийн сүлжээнүүдэд гарсан бичлэгээс үзвэл Туркийн хөлсөлсөн Сирийн дайчид сарын цалин нь буурсныг эсэргүүцэн Триполи орчимд жагсаал, цуглаан хийжээ.
Армиа нэгтгэх асуудал ч шийдэгдээгүй байна. Өнгөрсөн сарын дундуур Халиф Хафтар Ерөнхий сайдын албан тушаалыг хавсран хашиж буй Батлан хамгаалахын сайд Абдель Хамид Дбейб болон Мухаммед аль-Манфи тэргүүтэй Ерөнхийлөгчийн зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Мөн Ливид чухал ач холбогдолтой нефтийн салбарт асуудал үүсжээ.
Дотоодын байдал ийм тогтворгүй байхад хөрш орнууд нь байр сууриа нэгтгэсэн нь зарим талаар итгэл найдвар төрүүлсэн байна. Гэхдээ Ливийн байдалд шууд нөлөөлдөг Турк, АНЭУ-ын төлөөлөгчид Алжирт очоогүй гэнэ. Гэсэн ч хөрөнгө оруулалт шаардлагатайн сацуу улс төрийн эрх ашиг нэгдмэл байгаагийг улмаас Турк сүүлийн үед АНЭУ-тай харилцаа сайтай байгаа нь Ливид төдийгүй Ойрхи Дорнод, Африк, тэр ундаа Сири, Афганистан, Судан, Этиопын эмзэг цэгүүдийн байдалд сайнаар нөлөөлөх магадлалтайг ажиглагчид тэмдэглэжээ.