Улс орнууд цар тахалд хамгийн ихээр нэрвэгдсэн аялал жуулчлалын салбараа хэрхэн өөд нь татах, эдийн засагт дардаг жинг нь яаж нэмэх, бизнесийг байгальд ээлтэй, тогтвортойгоор хөгжүүлэх чиглэлд юу хийх талаараа төлөвлөн, хэлэлцэж, бодит ажил хэрэг ид өрнүүлж байна. НҮБ дахь Олон улсын аялал жуулчлалын байгууллагын тайланд дурдсанаар Франц, Герман, Швейцар, Британи, АНУ-д тус салбар түргэн сэргэх бол бусад хөгжингүй оронд 2023 оноос нааш байдал сайжрахгүй аж. Гэхдээ нэг, хоёр хэмээн тоолж амжаагүй байтал шахам жирэлзээд өнгөрөх хугацаа тул бид дэлхийд аялал жуулчлалын тэсрэлт болох үед ангайгаад сууж байхгүйн тулд өнөөдөр бэлтгэлээ базааж байх ёстой.
Энэ тухайд салбарын яам нь чухам юу хийж буй тухайд мэдээлэл авахаар хандтал БОАЖЯ-нд хариулах хүн бараг л алга. Халаа, сэлгээ үргэлжлээд, “Юун хоёр жилийн дараах, өнөө маргаашаа яая гэж байна” гэх нь холгүй хүмүүс байх аж. Шинэ сайд ирэхээрээ мэргэжилтнүүдийг заавал сольж, “хольж” байж санаагаа амраадаг бололтой. Дэлхийн аялал жуулчлалын салбар бидний будлианыг хүлээхгүй шүү дээ. Сайдын суудал мөнх биш, харин асуудал байнга байх тул халаа, сэлгээг алгасаад бодлогын тухай ярилцахад гэмгүй байх. Угтаа бол Монголын аялал жуулчлалын салбар дахь ойрын ирээдүйн болоод хэтийн бодлогыг БОАЖЯ болон Соёлын яам хамтарч гаргавал үндэслэл сайтай, урт настай болох санагддаг.
Монголд монголчуудаа болон гадаадынхныг аялуулж болно. Энэ удаа олон улс талаас нь авч үзье. Гадаадаас манайхыг зорьж ирэх жуулчдад өргөн уудам газар нутаг, тэр дундаа говь, тал, хангайн байгалийн байдал, дэлгэр зун, налгар намар, тэсгим өвөл, хаврын хавсарга, мал төллөх үе, малчдын амьдрал, цагаан идээ, үндэсний баяр наадам гээд нүдийг нь хужирлаж, сэтгэлийг нь баясгах зүйл бишгүй. Үүний сацуу үндэстнийхээ түүх, соёлын өв, уламжлалыг товойлгосон, үе үеийн ухаант мэргэд, соён гэгээрүүлэгчдийн бүтээн туурвисан хосгүй үнэт оюуны өвүүдэд тулгуурласан аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнүүд үүсгэн сурталчилж, үнэд оруулж болох бөгөөд энэ талд яамд хувийн хэвшлийнхэн хамтарч ажиллаж болохоор. Яамдын зүгээс соёлын, оюуны ололт, өв талаас нь зөвлөж, дэмжиж ажиллана уу гэхээс одоогийнх шигээ төрийн нэрээр далайлган, ажил хийх гэсэн хүмүүсийн зүрхийг үхүүлээд байж боломгүй.
Гадаад орнуудад аялал жуулчлалын бизнест хандах чиглэлээ өөрчилж эхэлсэн. Нүсэр, зардал ихтэй аялуулахаас илүүтэй сонирхолтой, эко үйлчилгээ санал болгож, тогтвортой үйл ажиллагаанаас ашиг олох хандлагыг эрхэмлэх болжээ. Испани улсаас жишээ авъя. Тэнд далайн эрэгт наранд биеэ шарж хэвтэхийг амралт, аялал гэж үзэхээ больж буй гэнэ. Аяллаас адал явдал, гоё дурсамжийн зэрэгцээ мэдлэг, мэдээлэл олж авахыг тренд болгохоор зорих болж. Жишээ нь, тус улсын өмнөд хэсэгт байх Малаг хот жуулчдыг далайн эргийг өндөр зочид буудлуудаараа бус, харин алдарт зураач Пабло Пикассогийн төрж, өссөн, цуутай бүтээлүүдээ туурвисан өлгий нутаг гэдгээр дуудан залах бэлтгэл ажил хийж байгаа гэнэ. Үүнийгээ “Пикассогийн төрж, өссөн байшинг сонирхож, яг түүнийх шиг эгэл жирийн сууцад хоноглож амраарай” хэмээн урих бөгөөд олон мянган жуулчин ирэхээр захиалга өгвөл хотын оршин суугчдыг түр хугацаанд сууцаа чөлөөлж өгөхийг уриалсан байна. Иргэд засаг захиргааныхаа бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлсээр байтал нийт 6000 айл гэрээ багахан мөнгөөр түрээслүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ. Ингэж зохион байгуулахад аялагчдад ч, хотын оршин суугчдад ашигтай байх бөгөөд үүнийг аялал жуулчлалаас нийгэмд хүртэх олз хэмээн харжээ. Ийм харилцан ашигтай үйл ажиллагааг тогтвортой хөгжлийн чиг хандлага гэдэг байна. Энэ мэтчилэн жишээ татвал олон.
2020 онд дэлхийн аялал жуулчлалын салбар 2.4 их наяд ам.доллар алдсан бөгөөд энэ жилийг үүнээс дутахгүй хохиролтой үдэх нь тодорхой болсон тухай НҮБ-ын талбарт ярилцсан бөгөөд ийм байдлаас гарахын тулд цэнхэр гаргийнхан бултаараа вакцин хийлгэх арга зам байгаа тухай мөн хөндсөн. Энэ шаардлага манай улсад ч хамаатай. Яагаад гэвэл аялал жуулчлалын салбар жинхэнэ утгаараа элгээрээ хэвтээд буй билээ. Тэгэхээр их, дээд сургуулийн багш нараас авхуулаад хувиа бодон дархлаажуулалтыг үгүйсгэн зугтах нь цаагуураа эдийн засгийн хохиролтой байх нь.
Бидэнд бурууг бусад руу чихдэг дутагдал байдаг. Нэгэн үе манай улсын аялал жуулчлалын салбарынхан “Зорчигч тээврийн үйлчилгээ муу, агаарын хөлөг хүрэлцээгүй учраас жуулчид манайхыг зорихгүй байна” гэдэг байсан. Гэтэл өдгөө агаарын тээврийнхэн “Аялал жуулчлалын салбарынхан байнга гадаадынханд үйлчлэхэд тулгамддаг бие засах газар, усанд орох цэг зэрэг асуудлыг өнөө хэр шийдүүлж чадахгүй байна шүү дээ. Бид бол хаашаа л бол хаашаа нисэж, хаанаас л бол хаанаас жуулчин авчрахад бэлэн байна. Тэгээд ч аялагчид зөвхөн онгоцоор ирдэггүй. Галт тэргээр, машинаар, бүр явган ч ирдэг. Тэгэхээр салбарыг сэргээе гэвэл жижиг сажиг гэлтгүй бэрхшээлүүдийг арилгаад, хэнийг, хаана аялуулахаа тооцоолон, хүмүүсээ авчирсан байхад дотоодод ч тээвэрлэнэ. Агаарын тээврийн компаниуд тус бүртээ паркаа боломжоороо шинэчилж байгаа. Жуулчдыг хэрхэн нааш нь татах тухай бодлогоо л сайн боловсруул” хэмээж байна. Бодлого боловсруулах яамныхан маань өөр асуудлаар хоорондоо үзэлцээд завгүй байдаг. Цаг хугацаа хэнийг ч, юуг ч хүлээхгүй дээ.
…Агаарын тээврийн хувьд толгой өвдөхгүй байж болохоор мэт. Гагцхүү эдгээрээр зорчиж, Монгол оронд маань аялах, эдийн засагт үр өгөөж авчрах жуулчдыг зохион байгуулах талд хоцрогдох гээд байх шиг…
Манай улсын агаарын тээврийнхний хувьд ИНЕГ-ын удирдлагуудын “идэж, уусан” дуулианыг эс тооцвол ажил хэрэг нь бүтэмжтэй байгаа бололтой. Энэ оны эхний хагас жилд нийт 58 112 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 238 877 зорчигчоор буюу 80.4 хувиар буурсан үзүүлэлт аж. Олон улсад 21 735, орон нутагт 36 377 хүн тээвэрлэжээ.
Энэ оны зургадугаар сарын 1-нээс хилээ албан ёсоор нээсэн. Ингэснээр манай улсын иргэд хил нь нээлттэй Турк, АНУ, Эмират, Грек, Киргиз, Тайланд, Индонез, Бразил, Египет, Энэтхэг зэрэг 10 гаруй улс руу зорчих боломжтой. Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан иргэддээ нотлох гэрчилгээ олгосон бөгөөд гадаадын улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр БНХАУ, ОХУ, БНСУ, Казахстан болон Британи, Унгар зэрэг орнуудтай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийж буй.
Үндэсний агаарын тээвэрлэгчдийн нэг МИАТ компани Африк тив рүү захиалгат нислэг амжилттай үйлдсэн. Энэ нь Монгол Улсаас эхлэлтэй Африк тивийг зорьсон анхны нислэг байснаар онцлог. Монголоос хөөрч ӨАБНУ-ын нийслэл Йоханнесбург хотод хүрэхийн тулд зам дагуух 20 улсын агаарын тээврийн удирдах байгууллагаас 24 төрлийн зөвшөөрөл авсан, очихдоо 24.2 цаг, харин ирэхдээ 22.27 цаг ниссэн зэргийг дуулгахад сонирхолтой байх болов уу.
Хамгийн олон зорчигч тээвэрлэдэг чиглэлийн тухайд шинэ мэдээтэй. Ирэх оны зуны цагийн хуваариас эхлэн 6-9 дүгээр сард долоо хоногийн 5000 суудлын багтаамжид Монголын тал 20, БНСУ-ын тал 18 удаагийн нислэг, харин 5-10 дугаар сард 2500 суудлын багтаамж буюу долоо хоногт Монголоос 11, БНСУ-аас тал есөн нислэг гүйцэтгэх одоогийн тохиролцоог хэвээр үлдээж буй юм билээ.
Дотоодын агаарын тээвэрлэгчдийн нэг “Аэро Монголиа” ERJ-145LR онгоцоор паркаа шинэчлээд буй юм. Эднийх эх орондоо Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Алтай, Өмнөговь чиглэлд, харин олон улсад БНХАУ-ын Хөх, ОХУ-ын Эрхүү хот руу тогтмол нислэг үйлддэг. Шинээр худалдан авсан онгоцоороо БНХАУ-ын Тяньжин, ОХУ-ын Новосибирск, Казахстаны Усть-Камнигорск, Астана зэрэг хот руу нислэг үйлдэхээр төлөвлөж буй.
Үндэсний тээвэрлэгчдийн зэрэгцээ манай улсын байнгын харилцаатай гадаад орнуудын агаарын хөлгүүд олон улсын зорчигчдыг саадгүй хүргэж ирдэг бөгөөд, аваад явдаг.
Энэ бүхнээс харсан ч агаарын тээврийн хувьд толгой өвдөхгүй байж болохоор мэт. Гагцхүү эдгээрээр зорчиж, Монгол оронд маань аялах жуулчдыг зохион байгуулах талд хоцрогдох гээд байх шиг.