Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг тус улсын Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Лаунски Тиеффенталтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, санхүү, эдийн засаг, хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээвэр, дэд бүтцийн салбарт хийж буй тоймтой ажлуудыг урагшлуулах талаар тэд санал солилцов.
Төрийн нарийн бичгийн дарга хоёр талын харилцаа өргөжин, хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Австрийн талаас манай улсад өндөр, дээд түвшинд айлчлал хийх, НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд харилцан дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Элчин сайд Г.Баттунгалаг Австри улсад зорчиж буй монгол иргэдэд тулгарч буй бэрхшээлийн талаар мэдээлэл өгч, консулын үйлчилгээг иргэдэд илүү ойр, хялбар байлгах боломж бүрдүүлэхэд Гадаад хэргийн яамнаас анхаарч ажиллахыг хүсэв.