УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН, Үнэн ба зөв нам, ШИНЭН, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, “Зөв хүн-Электорат” эвсэл, АН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхын засаглал нам, ИЗНН оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа аваад буй. Тэд нэр дэвшигчээ тодруулах хуулийн хугацаа өчигдрөөр тасалбар боллоо. Ингэснээр нам, эвслээсээ нэр дэвших эрхээ авсан хүмүүс гурав хоногийн дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлэх үүрэгтэй. АТГ мэдүүлгийг нь энэ долоо хоногоос хэтрүүлэлгүй Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм. Улмаар ирэх даваа гарагт нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад албан ёсоор илгээнэ.
АН-ын Үндэсний бодлогын хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын 28 дугаар тойрогт буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд Э.Бат-Үүл, 18 дугаар тойрог, Хэнтий аймагт Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлэхээр батламжлав. Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат- Үүл 2020 оны сонгуулиар 18 дугаар тойрогт өрсөлдсөн. Ингэхдээ АН-аас тус тойрогт нэр дэвшсэн гурван хүнээс хамгийн бага саналыг авч, зургадугаарт бичигдсэн юм. Тодруулбал, нэр дэвшигч Ж.Оюунбаатар 12, Т.Пүрэвхатан 10 мянга, Э.Бат-Үүл 6000 гаруй хүний санал авсан билээ. Тэрбээр тухайн үед МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй нэг тойрогт өрсөлдөнө хэмээн хөдөөг зорьж байв. Харин энэ удаа Улсын баатар, Улаанбаатар хотын захирагч асан нийслэлийн хамгийн том хоёр дүүргийн нэг Сонгинохайрханд хүч үзэх нь. Гэвч уг дүүрэг АН-ынханд тийм ч ээлтэй бус болохыг өнгөрсөн сонгуулийн дүнгээс харж болно. Г.Очирбат, О.Магнай, П.Цэцэгмаа нар нэр дэвшсэн бөгөөд 10.7 мянган санал авсан Г.Очирбат намынхнаа өнгөлөн, долдугаар “байр”-т оржээ. Б.Гарамгайбаатарын хувьд 2012 оны сонгуулиар Хэнтий аймгаас сонгогдож, УИХ дахь намын бүлгийн даргаар ажилласан туршлагатай. Саяхан түүнийг намын дэд даргаар томилон, Хэнтий аймгийг хариуцуулаад байв.
Эрх баригч намын тухайд нөхөн сонгуульд нэр дэвших гишүүдийнхээ хүсэлтийг энэ сарын 25 хүртэл авсан бөгөөд хоёр тойрогт нийт долоон хүн өрсөлдөхөө илэрхийлэн, бүртгүүлжээ. МАН-ын Удирдах зөвлөл, бага хурал нь өчигдөр үдээс хойш хуралдаж, Сонгинохайрхан дүүрэгт Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар, Хэнтийд тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН-ыг МАН-д нэгтгэхдээ Сонгинохайрхан дүүрэгт хүү Э.Батшугараа нэр дэвшүүлэхээр тохиролцсон гэх яриа бий. Э.Батшугар УИХ-ын 2016, 2020 оны хоёр ч сонгуулиар тус дүүрэгт МАХН-аас нэр дэвшсэн туршлагатай. Өнгөрсөн сонгуулиар гэхэд л гурван мандат бүхий тус тойргоос авсан саналынхаа тоогоор дөрөвдүгээрт бичигдсэн юм.
Харин Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших нь. Тэрбээр өнгөрсөн сонгуулиар Өвөрхангай аймагт өрсөлдөж байсан билээ. Элчин сайд, Элчин зөвлөхөөр томилогдсон Л.Болд, Ж.Батзандан нар ШИНЭН-аа нам бус, бие даасан иргэдийн “Сэргэн мандалт холбоо”-ны удирдлага Т.Ганболдод бэлэглэчихсэн гэхэд болно. Тэд хамтран ажиллахаар гарын үсэг зурсан бөгөөд “Алтан дорнод Монгол”-ын гэгддэг Т.Ганболд өнгөрсөн хугацаанд дээрх нам, эвслүүдээс МАН-аас бусдынх нь төлөөлөлтэй уулзаж, нөхөн сонгуулиар нэгдэж оролцох, эсвэл хэнийг ч нэр дэвшүүлэхгүй байх нь зүйтэй хэмээн ятгаж, ярьж байсан юм. Мөн тэрбээр энэ удаагийн сонгуульд ШИНЭН-ыг төлөөлж оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Тус намаас Сонгинохайрхан дүүрэгт дэд дарга Ц.Гантулга, Хэнтий аймагт паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржавыг дэвшинэ. Ц.Гантулга нь Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч юм. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх мөн 28 дугаар тойрогт өрсөлдөх аж. “Зөв хүн-Электорат” эвслийн тухайд Сонгинохайрхан дүүрэгт Б.Найдалааг нэр дэвшүүлнэ. ХҮН-ын даргаар ажиллаж байсан Б.Найдалаа нь 2020 оны сонгуулиар Чингэлтэй дүүрэгт өрсөлдсөн. Харин тус эвсэл Хэнтийд хүнээ илгээхгүй. Энэ талаар тус намын дарга Т.Доржханд “Бусад нам, бие даагчдад боломж өгөх нь зүйтэй гэсэн бодлогын шийдвэр гаргасан. Энэ агуулгаар “Зөв хүн-Электорат” эвслийн бодлого, чиглэлтэй нийцсэн нам, үнэт зүйл, зарчмаа өндөрт авч явж чаддаг нэр дэвшигч, зөв хүнийг манай эвслийн зүгээс дэмжиж ажиллана” хэмээсэн юм.