Дорноговь аймаг дахь Автотээврийн төвийн даргаар ажиллаж байгаад АТҮТ-ийн удирдлагын дэмжлэгээр нийслэл рүү шилжин ирж удирдах албанд томилогдоод удаагүй Б.Хүдэрболдыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна. Түүнийг Дорноговь аймгийн Автотээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас багагүй хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн аж. Улмаар хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Б.Хүдэрболдыг Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан бусдаас хээл хахууль авсан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон үргэлжлүүлэн 30 хоногийн хугацаагаар цагдан хорих саналаа мөрдөгч нь НПГ-т хүргүүлж, шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон гэнэ. Түүнтэй хамт төрсөн дүүг нь шалгаж буй бөгөөд хорьж мөрдөх шаардлагагүй гэж АТГ-ынхан үзсэн бололтой.
Тэдний гэр бүлийнхэн “Чандмань цагаан хад” компанийн нэрээр олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргуулан, нүүрс тээврийн бизнес эрхэлж их хэмжээний ашиг олсон, даатгалын компанид давуу байдал олгосон зэрэг хэд хэдэн үндэслэлээр шалгаж эхэлсэн аж. АТҮТ-ийнхөн, ЗТХЯ-ныхан энэ албанд хүнээ зөв сонгож томилдоггүйгээс албан тушаалтнууд нь удаа дараа хээл хахуулийн хэрэгт холбогдож байна гэхэд хилсдэхгүй. Яагаад ийн үзэх болов гэхээр Б.Хүдэрболд нь өнгөрсөн зун ял шийтгүүлсэн АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Бүртгэл, хяналтын тасгийн дарга Ч.Болорын оронд уг албан тушаалд томилогдсон нэгэн юм. Өмнөх дарга Ч.Болорын хувьд Увс аймгийн Улаангом сумын уугуул, “Алдар” спорт хороо, ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн хээрийн сургалтын төвийн офицер, улсын гарьд Ө.Бат-Орших болон иргэн Б.Доржсүрэн нараас 1-2 сая төгрөгийн хахууль авч тээврийн хэрэгслүүдэд нь “азын” гэх дугаар олгосон гэм буруутайг шүүх тогтоосон билээ. Улмаар энэ гурван хүнд 10-18 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, төрд ажиллах эрхийг нь хассан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст дээр дурдсан Б.Хүдэрболдоос гадна АТҮТ-ийн дэд захирал Х.Баярхүүг албан тушаалаа урвуулж, Увс аймагт хүнд даацын ачааны олон автомашин оношилгоонд оруулж тэнцүүлэн бусдад давуу байдал бий болгосон үндэслэлээр шалгаж мөрдөн байцаалт удахгүй дуусах гэж буй. Мөн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс хүргэнээрээ дамжуулан 100 000 ам.долларын хахууль авсан АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламыг нэмж шалгаж байгаа билээ.
Бэлтгэсэн Г.Равжаа