БНХАУ-ын талаас Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээвэрлэсэн автомашин нэвтрүүлэхийг 14 хоног зогсоох шийдвэрийг өнгөрсөн сарын 23- нд гаргасан. Хэрэв энэ шийдвэрээ эргэж хараагүй бол энэ сарын 7 хүртэл нүүрсний экспорт зогсох байлаа. Хоёр тал тухайн өдөр PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан жолоо нараар Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс экспорт хийлгэхээр тохиролцсоноор өнгөрсөн мягмар гаргаас нүүрсний тээврийг үргэлжлүүлэх болсон. Улмаар тухайн өдөр нүүрс ачсан 204 автомашин хилээр нэвтэрчээ. Үүнээс гадна Засгийн газар нүүрсний чингэлэг тээврийг эхлүүлэхээр шаргуу ажиллаж буй. Гашуунсухайт-Ганцмод боомтоос нэг км зайд 30 га талбайд чингэлэг шилжүүлэн ачих бүс байгуулсан. Одоогоор Тавантолгой ордоос нүүрс экспортолдог “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, “Тавантолгой” компани тус бүр 80 чингэлэг бүхий нүүрсийг тухайн бүсэд хүргээд байгаа аж. Гэвч Хятадын талаас хэн хэрхэн тээвэрлэж, чингэлэгтэй нүүрсийг боомтоор нэвтрүүлэхийг тодорхой шийдвэрлээгүйгээс “гацжээ”. Засгийн газраас хятадуудад жолооч нараа манай тал руу нэвтрүүлж, чингэлэгтэй нүүрсийг авч явахыг санал болгосон байна. Ийм шийдвэрийг Өвөр Монголын өөртөө засах орны Баяннуур аймгийн засаг, захиргаа гаргах эрх мэдэлгүй гэнэ. Тиймээс төр захиргааны өндөр түвшинд шийдвэрлэх асуудал аж. Тэгэхээр нь манай талаас тухайн өдөр PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан жолооч нараар тээвэрлүүлж, Хятадын талд нүүрсээ буулгасан даруйдаа буцах зохицуулалт хийх санал гаргажээ. Харилцан солилцож буй саналуудад Хятадын тал ямар нэг хариу өгөөгүй байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан мэдээлэв.