Урд яваа, сурагч хүүгийн нэг хөл доголсон янзтай харагдав. Лавлаж хартал цоо шинэ, гялгар хар ботинк нь холгосон шинжтэй. Түүнтэй хэдэн хором ярилцлаа.
-Хичээлдээ явж байна уу. Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг вэ?
-Би V сургуулийн зургадугаар ангийн сурагч. Хичээл 08.00 цагт эхлээд саяхан (өчигдөр 11.30 цаг орчимд) тарлаа.
-Сургуульдаа очоогүй удсан. Хичээлдээ явж эхэлсэн сэтгэгдэл ямар байна. Хөл нь холгочихсон юм уу, доголоод байх шиг.
-Миний “бажийнк” холгоод, өсгий цэврүүтчихлээ. Аав руу залгасан, намайг тосоод ирж яваа гэнэ. Хичээлд явах яах вэ гоё л байна. Энэ долоо хоног ангид, ирэх долоо хоногт гэртээ цахимаар хичээллэнэ гэсэн. Манай анги 52 сурагчтай, биднийг хоёр хэсэгт хуваасан байна.
-Цахимаар, эсвэл теле хичээл үзэх амар байна уу. Ангидаа ирж найзуудтайгаа хамт хичээллэх нь илүү юү?
-Сайн хэлж мэдэхгүй байна. Бага ангиа төгсөөд дунд ангид орсон учраас хариуцлагатай байна шүү гэж аав хэлсэн. Сургуульд заавал ааваар хүргүүлэхгүй (сургууль, гэрийнх нь хооронд дөрвөн буудал зайтай) автобусаар өөрөө явж сурч, хичээлээ сайн давтах хэрэгтэй гэсэн. Хоёр найз маань өөр хэсэгт хуваагдсан нь надад таалагдахгүй байгаа. Ангийнхнаа өнөөдөр сайн харж чадсангүй, ширээндээ ганцаараа сууж, амны хаалттай, бас зарим нь жаахан таргалсан болохоор танигдахгүй байсан хэмээн Ататуркийн нэрэмжит V сургуулийн зургадугаар ангийн сурагч хэвлүүхэн, хэрсүүхэн хуучиллаа.
Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлт сүр дуулиантай болж, сургууль, цэцэрлэг бүр үүдэндээ өнгө өнгийн бөмбөлөг, цэцэг, туузаар чимэглэл хийн, дуу хуур болдог уламжлалтай. Гол төлөв дээлээр гоёж, одон тэмдгээ зүүсэн багш нарыг сурагчид цэцгээр “дарж”, инээд хөөр цалгидаг өдөр. Харин энэ жилийн нээлт даруухан болж, ялангуяа улсын сургуулиуд чимээ шуугиан багатайхан хичээлээ эхлүүлэв. Тухайлбал, Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн нэгдүгээр ээлжийн хичээл өчигдөр 08.00 цагт эхэллээ. Сурагчид цэцэг барин сургуулийнхаа үүдээр яаран орцгоож байв. Тус сургуулийн нийгмийн ажилтан Н.Батсүх “Манай сургуульд энэ жил 2000 гаруй хүүхэд хичээллэнэ. Бүх ангийнхныг хоёр хэсэгт хуваан, нэг долоо хоног танхимд, дараагийнхад нь цахимаар хичээллэх болсон. Энэ тохиолдолд багшийн ачаалал нэлээд өсөж байгаа юм. Өдөр бүр нэг хичээлийг хоёр удаа, танхимд болон цахимаар заана гэсэн үг. Ахлах, дунд ангийнхны хичээл үргэлжлэх хугацааг 35, бага ангийнхны хувьд 30 болгон таван минутаар багасгасан. Мөн цахим хичээлийг бага ангийнхан 20, бусад нь 30 минут үзнэ” гэлээ.
Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн хоёрдугаар ээлжийн хичээлийг 12.00, 13.00 цагт эхлүүлэхээр хуваарилжээ. Мөн л бүх ангийн хүүхдүүдийг хоёр хэсэгт хуваан, “тав, ес” гэсэн зарчмаар хичээллүүлнэ. Таван өдөр танхимд хичээллэсэн хүүхэд амралтын өдрүүдийг оролцуулан ес хоног гэртээ байна гэсэн үг. Ингэснээр коронавирусээр өвчилсөн ч оношлуулж, эмчлүүлж, халдвар тараах эрсдэлийг бууруулах хугацаанд гэртээ өнжих аж. 23 дугаар сургуулийн бага ангиудад 60-70 хүүхэд суралцдаг. Хоёр хуваагаад ч багадаа 30-уулаа нэг танхимд хичээллэх нь. Нэг ширээнд 3-4 сурагч ногдож байсан бол одоо 1-2 хүүхэд суух аж. 3б ангийн багш Н.Болормаа “Бүх шатны сургуулиуд халдвар хамгааллын дэглэм баримтлан, түр журам мөрдөж буй. Хүүхдүүдийн халууныг шалган, сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлах өрөөнд оруулж, эмч үзэн, дараагийн арга хэмжээг авна. Би 09.00-11.00 цагт цахим хичээл заасан бол одоо танхимын хүүхдүүдээ хүлээн авч байна. Багш нарын ачаалал нэмэгдэх янзтай, гэхдээ өвчин, тахалгүй байхад болно доо” гэв.
Сурагчид коронавирусээр өвчлөх, хэн нэг нь өвдсөн тохиолдолд олон хүүхдэд халдаахгүй байх зорилгоор нэг ангид хичээллэх хүүхдийн тоог цөөрүүлж, цахимаар хичээллэх болсон нь энэ. Түүнчлэн биеийн тамир, дуу хөгжийн хичээлийг хамтад нь оруулахаар журамлажээ. Тодруулбал, биеийн тамирын танхимд, эсвэл гадна талбайд хөгжим тавьж, дуу дуулахын зэрэгцээ дасгал хөдөлгөөн хийх гэнэ. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 854 сургуульд 720 000 орчим, 1515 цэцэрлэгт 232 000 хүүхэд, их, дээд болон мэргэжлийн бусад сургуульд 190 000 гаруй оюутан суралцана. Цар тахлын үеийн түр журмын хүрээнд аймаг, сумуудыг эрсдэлийн түвшнээр нь ангилсан. Ногоон, шар түвшинд хамаарах аймаг, сумын сургуулийн сурагчид 100 хувь танхимаар хичээллэж болох бол улаан, улбар шар түвшнийхэн нэг долоо хоног цахим хичээл үзэх юм. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд хаана, хэдэн сургууль зөвхөн танхимд хичээллэх боломжтой тухай мэдээ ирээгүй байгааг Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир хэллээ. Тэрбээр “Тухайн аймаг, сумын төвд коронавирусээр өвдсөн хүний тоо, халдвар нэмэгдэх эрсдэл хэр байгааг үнэлж буй. Энэ долоо хоногт багтаан хянаад, ирэх долоо хоногоос зарим бүс нутагт танхимын хичээлийг тасалдуулалгүй эхлүүлэх боломжтой. Одоогоор хүүхдүүд хичээлдээ таван өдөр явж, дотуур байранд, эсвэл гэртээ таван өдөр нь цахим хичээл үзнэ гэсэн үг” гэлээ.
Хувийн хэвшлийн, нэг анги нь 25-аас цөөн хүүхэдтэй сургуулиуд зөвхөн танхимд хичээллэх аж. Нэг анги нь дунджаар 20 сурагчтай “Күнз”, “Олонлог”, “Шилдэг” зэрэг сургуулийнхан өдөр алгасахгүй сургуульдаа ирнэ гэв. “Олонлог” сургуулийн захирал Т.Түвшинжаргал “Манай сургуулийн нэг анги 25 хүрэхгүй хүүхэдтэй учраас журмын дагуу танхимд хичээллэх боломжтой. Ер нь нийт сурагчийн 50-иас илүү хувь нь заавал багшийн шууд удирдлага дор хичээл үзэх дадалтай байдаг. Өөрөөр хэлбэл, хоёр хүүхдийн нэг нь л цахимаар зааж буй хичээлийг ойлгох, мэдлэгээ ахиулах боломжтой гэсэн үг. Цар тахлын энэ хүнд үед аргагүй шаардлагаар, улс даяар цахим, теле хичээл үзэж байна. Олонх сурагч бүх төрлийн хичээлээр нэлээд хоцрогдсон. Цаашид нөхцөл байдал нааштай байвал бүх сурагчийг танхимд суулган хичээлүүллэх нь зүйтэй болов уу” гэлээ.
Баянгол дүүргийн 198 дугаар цэцэрлэг “найзуудаа” хүлээж авчээ. Хамран сургах хүрээний буюу дүүргийнхээ XIX хорооны таван настай 70, дөрөвтэй 30 гаруй хүүхдийг бүртгэсэн гэнэ. Нэг ангид 25-аас доош хүүхэд хичээллэх учраас тэднийг таван бүлэгт хуваан, 08.00-18.00 цаг хүртэл “саатуулах” нь. Харин “Оньс” цэцэрлэгт нэг сард 400 000 төгрөгийн төлбөр төлж 4-5 насны 40 гаруй хүүхэд суралцуулах болжээ. “Оньс” цэцэрлэгийн багш А.Уранбилэг “Төрийн өмчийн цэцэрлэгүүдийг бодвол бид уртасгасан цагаар ажилладаг нь давуу тал. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ 07.00-20.00 цагт цэцэрлэгт байлгах боломжтой. Цар тахлын үеийн түр журам өөрчлөгдвөл бид хоёр, гурван настнуудыг ч хүлээн авахад бэлэн” гэлээ.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх цэцэрлэгт одоогоор дөрөв, таван настай хүүхдийг сургах бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалж 2-3-тай багачуудыг хамруулах бэлтгэлээ базаасан гэдгийг цэцэрлэгийн багш нар хэлсэн. Түүнчлэн төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдүүдийг 20.00 цаг хүртэл байлгах, хоёр ээлжийн багш ажиллуулж туршиж буй бөгөөд нийслэлд 20 цэцэрлэгийн 60 бүлгийн хүүхдийг хамруулж байгааг БШУЯ-наас мэдээллээ.
Манай улсад хүүхэд, багачуудад албан ёсоор боловсрол олгож, сургууль байгуулан, мэргэшсэн багш нар хичээл зааж эхэлсний 100 жилийн ой тохиож, 100 дахь хичээлийн шинэ жил ийнхүү эхэллээ. Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү цаг үе боловч сурч боловсрох, хөгжиж дэвжих боломжийг хүүхдүүдэд аль болох бүрдүүлэхийг хичээж байна. Ялангуяа өчигдөр тааралдсан, уулзсан багш нар өндөр сэтгэгдэлтэй байлаа. Сургууль, цэцэрлэгийнхээ үүдэнд зогсоцгоон хүүхэд, багачуудаа инээмсэглэл дүүрэн угтаж байсан юм. Төрийн өмчийн зарим сургууль багавтар хүрээнд хичээлийн шинэ жилийг ёслон нээж, шавь нараа хөөр хөгжөөнтэй угтахыг хичээн, өсгөгчөөр дуу тавьж, сурлагын амжилт хүсэн, сайхан үгс хэлэх нь сонсогдсон. Хичээлийн шинэ жилийн баярыг баярлан тэмдэглээгүй ч ёслон өнгөрүүллээ. Сурагчид бишүүрхэнгүй ч, догдлонгуй, сэтгэл хангалуун харагдсан.