Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийслэл хотод 07.00 цагаас эхлэн замын хөдөлгөөний ачаалал илт нэмэгджээ. Тиймээс цагдаагийн байгууллагын алба хаагчид өглөөний 06.30 цагаас бүрэн бүрэлдэхүүнээрээ замын хөдөлгөөнд зохицуулалт хийж байна. Ингэхдээ Улаанбаатар хотын замын томоохон уулзварууд болон сургууль, цэцэрлэг орчмын бүсүүд, хөдөлгөөний ачаалал нэмэгдүүлдэг гарц, уулзваруудад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, жолооч нарыг хурдан шуурхай аюулгүй хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулж буй. ТЦА-ны Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн ахлах, цагдаагийн ахмад Ч.Чимэдбат энэ талаар “Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хичээлийн шинэ жил хийгээгүй. Тиймээс иргэд, хүүхэд багачууд хичээлдээ идэвхтэй хамрагдаж, улмаар тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдлээ. Цагдаагийн байгууллагын зүгээс явган хүний гарц, уулзварт зохицуулалт хийж, тээврийн хэрэгслийн гэрлийг асаах, хүүхэд тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавих зэргээр ажиллаж байна. Цаг агаарын нөхцөл байдал дулаахан байгаа учраас иргэд явганаар болон унадаг дугуйтай зорчих нь их болсон. Тиймээс унадаг дугуйтай зорчигчид явган хүний гарцаар гарахдаа дугуйгаа түрэх, явган зорчигчийн замаар явахдаа бусдын аюулгүй байдлыг хангаж болгоомжтой явах хэрэгтэй. Үүн дээр мөн цагдаагийн байгууллага хяналт тавьж байгаа. Сургууль орчмын эргүүл буюу “school police”-тэй хамтарч, тогтмол мэдээ мэдээлэл солилцож, дэмжлэг үзүүлж байна. Мөн нийтийн тээврийн хэрэгслийг хурдан шуурхай зорчуулах тал дээр онцгой анхаарч зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд алба хаагчид болон камераар хяналт тавин ажиллаж байгаа. Замын хөдөлгөөний шинэчилсэн найруулгад өглөөний 06.00 цагаас оройны 22.00 цагийн хооронд автобусны буудал орчимд суудлын авто машин зогсохыг хориглосон байдаг. Гэтэл замын хөдөлгөөнд автомашинтай оролцож байгаа иргэд автобусны буудал дээр зогсдог. Үүнээс үүдэн нийтийн тээврийн хэрэгслүүд буудал дээрээ зогсож чаддаггүй бөгөөд замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх, тээврийн хэрэгслийн осол гарах эрсдэл үүсдэг. Тиймээс нийтийн тээврийн хэрэгслийн буудлуудад хяналт тавьж байна" гэлээ.
Иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо:
-Хүүхдээ зориулалтын суудалд суулгах, хамгаалалтын бүс бүслүүлж хэвших,
-Гарцаар гарахдаа гэрлэн дохиогоо харж, анхаарал болгоомжтой зорчих,
-Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор тээврийн хэрэгслийнхээ оврын гэрлийг асаах,
-Замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдэдээ үлгэр дуурайлал үзүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.