Чингэлтэй дүүргийн VII хороонд шинээр дулааны эх үүсвэрийн барилга, халаалтын зуух, дулаан механикийн иж бүрэн тоноглол, гадна дулаан хангамжийн шугам, усан хангамж, ариутгах татуургын шугам, цэвэрлэх байгууламж, холбоо, цахилгаан хангамж, 2х630кВа хаалттай дэд өртөө зэрэг иж бүрэн “Дэд бүтцийн төв”-ийн барилга байгууламж барьж хүлээлгэж өгсөн нь саяхан. Тодруулбал, 2018-2019 онд “Термо мастер” ХХК уг дэд бүтцийн төвийг улсын комисст хүлээлгэн өгсөн. Харамсалтай нь, 2019-2020, 2020-2021 оны халаалтын улиралд айл өрхийн халаалт маш муу, хүндрэлтэй өвөлжсөн. Уг асуудлыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд гурван удаа танилцуулж захирамж болон хурлын тэмдэглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн. Гэвч тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийн хүрчээ. Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1189 дүгээр захирамжид заасны дагуу гүйцэтгэгч компанийн барьцаа хөрөнгөөс гаргуулан Дэд бүтцийн төвийн халаалтын зуухны хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хийж, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар /ОНӨААТҮГ/-аар 2.8 МВт/ц хүчин чадалтай зуухыг шинээр суурилуулах ажил хийж эхэлжээ.